Цаг үеийн мэдээ

Дэлхийн хүн төрөлхтөн нийгмийн хөгжил, даяаршлаа даган бие махбодь, сэтгэл зүйн өвчлөлд ихээр өртөж байна. Үүнээс улбаалан сэтгэл зүй, сэтгэл заслын шинжлэх ухаанд ч хөгжил дэвшил гарсаар байна.   Тэгвэл  1940 оноос дэлхий дахинд хөгжиж эхэлсэн “Арт терапи” буюу урлагийн сэтгэл засал манай улсад ч хөгжлийн шатандаа явж байна.  

            “Арт терапи” гэдэг нь урлагийн сэтгэл засал хэмээн орчуулагддаг. Хамгийн анх урлагийг сэтгэл засалд ашиглаж болох юм гэсэн санааг уран бүтээлч хүн гаргасан байдаг. Тэрээр зураач хүн байсан бөгөөд сүрьеэгээр өвчилж эмнэлэгт хэвтэж байхдаа зураг зурах нь эмчилгээний үйл явцыг хурдасгаж болох юм байна гэж үзээд, түүнийгээ өвчтөнүүдэд туршиж үзсэн байдаг. Туршилтын үр дүнд хэл яриагаар хүрч болохгүй байгаа хэсгүүдэд энэ урлагаар хүрч болох юм байна гэсэн дүгнэлтийг гаргаж чаджээ.

            Ингээд 1940 оноос сэтгэцийн эмч болон уран бүтээлчид хамтран энэ төрлийг /Арт терапи/ хөгжүүлж, урлагаар дамжуулж сэтгэл заслын эмчилгээ хийж эхэлжээ. Урлаг, уран зургаар дамжуулан өвчтний сэтгэлзүйн төдийгүй физик биеийн эмгэг өөрчлөлтүүдийг засах боломжтой гэсэн орчин үеийн анагаах ухааны сонирхолтой эл чиглэл өдгөө дэлхийн олон оронд жишиг болжээ.

            Энэ нь урлан бүтээх үйл явцаар дамжуулан хүний сэтгэл хөдлөл, сэтгэцийн байдалд нөлөөлөх зорилготой сэтгэл заслын арга юм.   

Арт терапи нь олон төрөлтэй. Үүнд:
-  Шүлэг яруу найраг сонсох, зохиох,
-  Зураг зурах, зураг урлал үзэх,
-  Бүжиг, хөдөлгөөн хийх ,
-  Дуу хөгжим сонсох, дуулах,
-  Жүжигчилсэн тоглолтонд оролцох,
-  Ваар, баримал урлах,
-  Хайчилбар хийх,
-  Байгалийн дуу чимээ сонсох зэрэг орно.


            Бүтээх үйл ажиллагааны явцад хүн өөрийгөө илүү таньж, улмаар стрессээс ангижирч, аливаад эерэгээр хандах ба аливаа өвчин эмгэгийн эдгэрэлт түргэсдэг аж. Мөн их хотын хэмнэлд амьдардаг хүмүүст хотоос гарч байгальд амрах нь маш том "эмчилгээ" болдог аж. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний үеийн сэтгэл зүйн өөрчлөлт, стресс, сэтгэл санааны хямрал, нойргүйдэл зэрэг эхийн биед стрессийн даавар болох кортизол ихээр ялгардаг.

            Энэхүү даавар нь умайн тонус үүсгэж, урагт сөргөөр нөлөөлж байдаг учраас жирэмсэн эмэгтэйчүүд энэ урлагаар хичээллэхэд илүү үр дүнтэйг эрдэмтэд баталж байна.  Мөн ганцаардмал зожиг, ааш ихтэй хүүхдүүдэд энэ эмчилгээний арга үр дүн өндөр байгаа аж.

            Канадын Монтреал хот дахь эмч нар өвчтөнүүддээ шинэ жор бичиж өгөх болсон нь арт терапи юм. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Канад эмч нарын бүлгэм Монтреалийн уран зургийн музей(MMFA)-тэй хамтран ажиллах гэрээ хийсэн байна. Музей үзэх эмчилгээ бичүүлсэн өвчтөн тус музейд үнэ төлбөргүй зочилж, нэг өдрийг уран зураг үзэн өнгөрөөх боломжийг ийнхүү бий болгосон нь дэлхийд анхдагч болсон юм.  Уг санааг анх сэдсэн хүн бол тус музейн ерөнхий захирал, хатагтай Наталье Бондил бөгөөд тэрээр         “Үйлчлүүлэгчид тайвшрал, амар амгаланг мэдэрч, дахин төрж буй мэт сэтгэгдлийг авах болов уу гэж бодсон минь үр дүнгээ өгсөн"  хэмээжээ.

            Мөн тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа, “Музейн хэнээс ч хараат бус, үзэсгэлэнтэй орчин хүний сэтгэл санааг зөвхөн өргөөд зогсохгүй, таван мэдрэхүйгээ өвчин эмгэгээс давуулан чөлөөлж урлагийн бүтээлүүд хүртэхэд ашиглах учир эрүүл мэндэд үлэмж нөлөө үзүүлж чадна” гээд, “Бид шинэ хаалгыг нээж чадна. Гэхдээ зөвхөн өвчтнүүдэд биш, эмч нарт зориулагдсан хаалга нээгдэж ч магадгүй” хэмээсэн юм.

            Дашрамд сонирхуулахад Нийслэл хотод маань ч ийм  чиглэлийн студи, урлангийн газрууд, сэтгэл заслын төвүүд ажиллаж эхэлсэн байна.

Таны сурталчилгаа