Эмгэн нүсэр биетэй, зөөлөн уянгалаг хоолойтой хүн. "Гэрийн хамаг зай эзэлчих юм!" - гэж Борькагийн эцэг үглэнэ. Харин эх нь: "Хөгшин хүн... Өөр хаачих билээ дээ?" - гэж аргадангуй дуугардаг билээ. "Үздэгээ үзээд, амьдрахаа амьдарчихсан хүн. Асрах газар байвал таарна!" - гэж эцэг нь дургүйцнэ. Энэ гэрийнхэн, бүр Борька хүртэл эмгэнийг зай бөглөсөн дэмий нэг хүн гэж л харна. Эмээ хайрцаг дээр унтдаг байлаа. Шөнөжин арай чүү эргэж хөрвөөж хоноод, өглөө хамгийн түрүүнд босчихсон гал зуухны өрөөнд түмпэн сав тачигнуулж гарна. Тэгээд хүргэн, охин хоёроо сэрээж: "Цай буцалчихлаа. Босоорой! Халуун юм уугаад гар..." - гэнэ. Борька руу очоод: "Алив, өндийгөөрэй хүү минь. Хичээлдээ явах боллоо." - гэхэд нь хүү: "Яах гэж?" - хэмээн нойрмог дуугаар асууна. "Хичээлд яах гэж явах вэ гэж үү? Эрдэмгүй хүн хэлгүй дүлийтэй адил. Бос бос!" Борька хөнжилдөө шургаад: "Цаашаа бай..." - гэж уцаарлана. Эцэг нь гарч амбаарын хогийг шүүрдэнгээ: "Усны углааш хааш нь хийчхэв ээ? Хайх гэж хайран цаг аваад хаячих юм!" - гэхэд эмгэн яаран хүрч очоод: "Энэ байна, Петруша минь. Өчигдөр шавартай хутгалдчихсан байхаар нь би угаагаад тавьсан." - гэж бөндөгнөдөг юм.
Борька хичээлээ тарж ирээд, эмээдээ хүрэм, малгайгаа бариулж, номтой цүнхээ ширээн дээр чулуудмагц: "Эмээ, хоол!" - гэж бархирна. Эмгэн нэхмэлээ цааш тавиад, шалавхан ширээ засаж, гэдсэн дээрээ гараа сөөлжүүлж барин, Борькагийн хэрхэн хооллож буйг ажиглаж зогсдог байв. Энэ үед бол Борька эмээгээ хамгийн ойр дотнын, өөрийн хүн хэмээн санадаг байжээ. Тэгээд хичээл ном, хэдэн найзынхаа тухай ярьж гарна. Эмээ нь тун анхааралтай, дуртайяа чих тавин чагнаж, үгэн дундуур нь: "Бүх юм сайхан шүү, Борюша минь. Муу юм ч сайхан, сайн юм ч сайхан. Муу зүйлээс хүн хатуужил сууна. Сайн зүйлд бол сэтгэл нь сэргэж байдаг юм." - гэж хэлдэг байлаа. Хоолондоо цадсан Борька тавгаа түлхээд: "Өнөөдөр сайхан зутан чанажээ. Эмээ, та идсэн үү?" - гэхэд эмээ нь толгой дохиж: "Идсэн идсэн. Надад битгий санаа зов. Гэдэс цатгалан, бие эрүүл байна." - гэнэ.
Нэгэн удаа Борькагийн найз ирээд: "Сайн байна уу, эмээ?" - гэсэнд Борька түүнийг ёворч: "За, явъя. Мэндлэхгүй байж болно оо. Хөгширчихсөн юм хөөрхий." - гэж л дээ. Эмгэн цамцаа засаж, алчуураа тэгшлээд: "Үгээр хүнийг гомдоох чинь цохиод авахаас ялгаагүй." - гэж дуулдах төдий шивнэжээ. Харин хажуугийн өрөөнд суусан найз нь Борькад: "Манай эмээтэй бол хүн болгон мэндэлдэг ээ. Манайхан ч, гаднын хүмүүс ч адил. Эмээ манай гол хүн." - гэв. Борька гайхаж: "Гол хүн гэж юу гэсэн үг вэ?" - гэлээ. "Настай хүн шүү дээ... Бүгдийг нь өсгөж хүмүүжүүлсэн. Гомдоож болохгүй. Харин чи яагаад эмээгээ ингэдэг юм бэ? Аав чинь болгоод өгөх вий!" "Юун болгож өгөх?! Аав өөрөө эмээтэй мэндэлдэггүй юм чинь." Ийм яриа болж өнгөрсний дараа Борька байн байн эмээгээсээ: "Таныг бид гомдоодог уу?" - гэж асуугаад байх болжээ. Аав ээждээ хандаж: "Манай эмээ хамгийн сайн эмээ. Тэгсэн мөртлөө хамгийн муухай амьдарч байна. Хэн ч эмээг тоодоггүй шүү дээ" - хэмээн хэлэв. Эх нь гайхаж, харин эцэг нь: "Биднийг шүүгээд аль гэж хэн чамд заав? Жулдрай хүүхэд байж!" - гэж уцаарлалаа. Эмгэн туниа муутайхан инээмсэглээд, толгой сэгсэрч: "Тэнэгүүд минь дээ, баярлах ёстой байтал ингээд сууж байдаг. Хүү чинь та хоёрын төлөө торниж байна. Би яах вэ, амьдардгаа амьдарчихсан хүн. Харин та хоёрын өтөл нас өмнө чинь байна даа. Нэгэнт алдвал эргээд олддоггүй юм гэж бас бий шүү." - гэжээ.
Борькад эмээгийнх нь царай их хачирхалтай санагддаг байв. Гүн, гүехэн, утас шиг нарийн, удаан жил тогтсон өргөн гээд олон янзын үрчлээ энэ нүүрэн дээр сүлжилдэнэ. "Таны нүүр яагаад ингэтлээ зурагдчихаа вэ? Хөгшин болохоор тэр үү?" - гэж асууна. Эмээ нь бодол болон сууснаа: "Хүү минь, үрчлээгээр нь хүний амьдралыг ном адил уншиж болдог юм. Миний нүүрэн дээр уй гашуу, гачигдал дутагдал ингэж үлдсэн хэрэг. Хүүхдүүдээ оршуулж, нулимсаа барагдтал уйлсан - ор мөр нь энэ үрчлээс. Гачигдах зовлонг давж, гар хөлөө элэгдтэл ажиллалаа - ахиад л үрчлээс. Эр нөхрийг минь дайны талбарт хорооход их ч уйлсан, их ч үрчлээтсэн. Үерийн усанд гуу жалга ухагддаг биз дээ?" Үүнийг сонссон Борька айж, толинд харав: энэ насандаа уйлсан нь ер багадаагүй билээ - арай аймаар үрчлээ суучих юм биш байгаа? "За, больж үз, эмээ минь. Дандаа тэнэг юм ярина!"
Сүүлийн хэд хоногт эмээ бүр бөгтийж, нуруу нь цагираглан дугуйраад, явахаасаа суух нь их болов. "Газартаа татагдаж шигдэх нь дээ" - гэж эцэг нь наадам болгоно. Эх нь: "Хөгшин хүнээр бүү элэг доог хий" - гэж гомдоллох мөртлөө галын өрөөнд орж эмгэнд хандан: "Ээж минь, та чинь яст мэлхий шиг яаж хөдлөөд байгаа юм бэ? Нэг юманд явуулахаар тэр чигтээ алга болчих юм" - гэж зэмлэх аж. Тавдугаар сарын баярууд эхлэхийн өмнөхөн эмгэн нас эцэслэжээ. Гэрт ганцаараа, гартаа хос зүү барьчихсан яваад өгч. Өвөр дээр нь нэхэж гүйцээгүй оймс, хөл доор нь бөөрөнхий утас үлдсэн байв. Борькаг хүлээж байсан бололтой, аяга таваг бэлдээд ширээ засчихсан байлаа. Маргааш нь эмгэнийг оршуулав. Гаднаас орж ирээд Борька ээжийгээ онгорхой хайрцагны дэргэд суухыг олж харжээ. Шалаар нэг хөглөрсөн хувцас хунар. Нэвширсэн үнэр. Ээж нь үрчийсэн жижигхэн шар гутал гаргаж ирснээ болгоомжтой гэгч нь тэнийлгэж: "Миний багын гутал" - гэж шивнээд, хайрцагны ёроол руу тонгойв. Борькагийн үргэлж нээж үзэх сэн гэж тун ч их хүсэмжилдэг байсан чамин төмөр хайрцаг гарч ирэхэд эцэг нь нээж, дотроос нь боолттой зүйл олов. Задалж үзсэнд Борькад зориулсан ноосон бээлий, хүргэндээ нэхсэн оймс, охиндоо хийсэн хантааз байлаа. Мөн Борькад өнгө алдсан хуучны торгоор цамц оёод далд хийсэн байв. Хайрцагны мухарт улаан туузаар ороосон ууттай хэдэн чихэр байхыг гаргаж ирвэл уутан дээр том үсгээр юм биччихсэн харагдлаа. Эцэг нь нүдээ онийлгон, чанга дуугаар: "Миний зээ хүү Борюшкад" - хэмээн уншив. Борька царай нь хувьсхийн, ууттай чихрийг булааж аваад гарч гүйжээ. Айлын хашааны гадаа очоод, эмээгийнхээ гаргац муутай бичгийг харж удаан суув. "Миний зээ хүү Борюшкад" гээд "ш" үсгийг дөрвөн босоо зураастай биччихэж. "Сурсангүй дээ!" - гэж Борька бодов. "Ш" үсэг гурван зураастай гэж хэчнээн зааж өглөө дөө... Гэнэт эмээ нь нүдэнд харагдах шиг болов. Заасан үсгийг нь сураагүй, гэмшсэн царайтай, дув дуугүй эмээ нь. Борька гэрийн зүг нэгэнтээ алмайран хараад, ууттай чихрийг гартаа атгаж, айлын урт хашааг даган удаан алхжээ... Шөнө болсон хойно өвдөг нь шавхай болж, нүд нь бөлцийтлөө хавдчихсан эргэж ирэв. Эмээгийнхээ уутыг дэрэн доороо хийж, хөнжилдөө лав шургаад: "Маргааш өглөө эмээ дуудахгүй шүү дээ!" - хэмээн бодлоо.
Орчуулсан: Д.Оюунгэрэл ЧҮНДЖ (Гэгэлзүүлэх өгүүллэг - 1)