Цаг үеийн мэдээ

Итали улсад коронавирусын улмаас нас барсан хүний тоо 107 болж, сургууль цэцэрлэгүүд, их сургуулиудыг хаасан байна. Спортын томоохон эвент, тоглолтуудыг цэнгэлдэх дотроо үзэгчгүй хийх зохион байгуулалтыг хэрэгжүүлж байна. Иран улс засгийн газрын томоохон албан тушаалтнуудыг хилийн чанадад зорчихыг нь хориглолоо. Тус улсын дэд ерөнхийлөгч, эрүүл мэндийн сайдын орлогч болон парламентынх нь 23 гишүүн коронавирусын халдвар аваад байгаа юм.

Нислэгүүд маш ихээр цуцлагдаж, тээврийн хязгаарлалтууд хийгдэж байгаатай зэрэгцэн Их Британий хамгийн том дотоодын тээврийн авиа компани болох Flybe дампуурлаа зарлаж, нислэгүүдээ зогсоосон байна. Зөвхөн Flybe ч биш, өөр олон томоохон авиакомпаниуд, нислэгийн салбар маш хүнд байдалд ороод байгаа юм.

Токио 2020 зуны олимп хуваарийн дагуу явагдана гэдгийг Япон улс хариуцлагатайгаар мэдэгдлээ. Японы Олимп хариуцсан сайд Сейко Хашимотогийн хэлснээр ирэх 7 дугаар сарын 24-нөөс 8 сарын 9-ныг хүртэл 32 дахь удаагийн Зуны олимп Токио хотноо хуваарийн дагуу зохион байгуулагдана. “Олимпийн наадмыг цуцлах юмуу хойшлуулах нь тамирчдын хувьд байж болшгүй үйлдэл юм. Тамирчид аюулгүй орчинд тив дэлхийн шилдгийн төлөө өрсөлдөөнөө хийх болно” гэжээ.

Өмнөд Солонгост коронавирусын улмаас 5766 баталгаажсан тохиолдол бүртгэгдэж, 35 хүн нас бараад байна. Хятад улсад нийт халдварын тохиолдол 80,410 хүрч, нас барсан хүний тоо 3012 болжээ. Дэлхийн хэмжээнд нийт 85 улс орон, газар нутагт 95,430 тохиолдол бүртгэгдэж, 3284 хүн нас бараад байна.

 Д.Жаргалсайхан

Таны сурталчилгаа