Цаг үеийн мэдээ

            Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүний тоо одоогийн байдлаар 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт бий. Жил бүр долоон сая хүн чихрийн шижинтэй хэмээн шинээр оношлогдож, энэхүү өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.

            Чихрийн шижин өвчин нь нойтон чийгтэй газар удаан хугацаагаар ажиллах, олон цагаар сууж ажиллах, хөдөлгөөний дутагдал, шингэхэд бэрх хүнд сэрүүн чанарын хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээр бадган, өөх аривдаж илүүдэл өөх тос хуримтлагдсанаар гадна өөхлөлт болон дотор эрхтэн, судасны хананд өөх тос хуримтлагдан, цус өтгөрч, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа доройтсоноос болж үүсдэг.

Илрэх шинж тэмдэг

            Чихрийн шижин өвчний эхэн үед залхуурч бие сулрах, нойр ихсэх, хөлрөх, биеэс үнэртэй хөлс гарах, үс хумс хурдан ургах, аманд эвгүй амт амтагдах, хоолой ам хатах, хөлийн ул, гарын алга халуу оргих, шээс өтгөндүү, ойр ойр бага хэмжээтэйгээр гарах шинж илэрнэ. Уламжлалт анагаах ухаанд чихрийн шижингийн гурван хэлбэр байдаг гэж үздэг бөгөөд ямар хэлбэрийн чихрийн шижин байгаагаас шалтгаалан гарах шинж тэмдэг нь өөр өөр байдаг. 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед идсэн идээ, хоол ундны шингэц муудах, нойр ихсэх, нус цэр ихсэх, бөөлжис хүрэх шинж тэмдэг илрэх бол, 2-р хэлбэрийн өвчлөлийн үед бэлгэ эрхтэн, давсгаар өвдөх, ам хатах, халуурах, заримдаа суулгах, ханиад томуу зэрэг халдварт өвчнөөр өвчлөмтгий болдог юм. Харин 3-р хэлбэрийн чихрийн шижингийн үед нойр муудах, амьсгал давхцах, давсгаар өвдөх, чичрэх, цэр ихсэх, ховдог болох зэрэг шинж илэрнэ.

            Хэрвээ эдгээр шинж тэмдэг танд илэрч байвал эрт оношлуулж, эмчлүүлэх нь эмчилгээний үр дүнд сайн нөлөөтэй. Хэрэв архагшиж хуучирвал арьсаар идээтэй тууралт, цэврүүт, улаан тууралт зэрэг арьсны өвчнүүд үүсдэг бөгөөд энэ нь чихрийн шижин хуучирч тамир, шар устай холилдсоны шинж юм. Энэ үед эмчлэхэд төвөгтэй болохоос гадна эмчилгээ авахдаа ч удаан байдаг.

Чихэргүй ааруулын шүүс уух, хонины мах, үхрийн мах, загасны мах тохируулан хэрэглэх. Буцалсан усанд цэвэр зөгийн бал хутгаж уух. Хоолны хэмжээг хэтрүүлэхгүй байхыг сайтар анхаараарай. Дулаан хувцаслах, өдөр бүр явган алхах, сунаж мөргөх, гүйх, фитнессээр хичээллэх гэх мэт биеийн дасгал хөдөлгөөн хийж хэвших, өдөр унтах, хоол идсэний дараа амарч суух зэргийг тэвчих хэрэгтэй.

Эмчилгээнд дэм болох унд хоол

Ингэний сүү- Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулж, эрт үеийн шинж тэмдгүүдийг эмчлэх шидтэй. Энэ аргыг цусан дахь сахарын хэмжээ нь 13 болон түүнээс доош байгаа хүмүүс хэрэглэх нь тохиромжтой.

Хивэг- Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор бүхэл үрийн тариа хэрэглэхийг дэлхий нийтээр зөвлөдөг. Үүнд хивэг, бор гурил, гурвалжин будаа, хөц будаа, улаан буудай зэрэг орно. Гэхдээ эдгээрээр хийсэн талх, нарийн боов төдийлөн ач тусаа өгөхгүй харин түүхийгээр нь авч хоол хийж хүнсэндээ хэрэглэж заншвал онцгой үр дүнтэй эмчилгээ болно. Ялангуяа хивэг хэрэглэж занших нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдлийг 30 хүртэл хувиар бууруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Хивэг шим тэжээл, магни, омега-3, фоли гэсэн амин дэмүүдийг агуулж сахарын агууламжын эсрэг хүчтэй өдөөгч болдог байна

Арвайн гурил- Цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэггүй, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан хоолны шингэц нэмэгдүүлэх, биед хуримтлагдсан элдэв хорт бодисыг гадагшлуулахаас гадна биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах ач тустай. Арвайн гурилыг зуурч багсарч идэхээс гадна зуурч, байцаатай цуйван хийж идэж болно.

Хориглох унд хоол

            Чихрийн шижингийн үед архи дарс ихээхэн муу нөлөөтэй тул эмчилгээний үед хориглоно. Мөн давс, чихэрлэг зүйлийг хоол, ундандаа амтагдах төдий хийж хэрэглэнэ. Газтай ундаа болон савлагаатай жимсний шүүс, жимс жимсгэнэ хэтрүүлэн хэрэглэх, цавуулаг ихтэй гурилан бүтээгдэхүүн, шингэхэд бэрх хүнд хоолыг хэтрүүлэн хэрэглэх, сэрүүн чанартай цай уух, усны хэрэглээг хэтрүүлэх зэргээс зайлсхийх нь чухал.

Эмчилгээний уламжлалт арга

            Монгол хөрсөнд ургуулсан 3-4 ширхэг сонгины хальсыг шилэн саванд цуглуулж дээрээс нь буцлам халуун ус хийнэ. Бэлдмэл тэр дороо хандарч шаргал өнгөтэй болно. Бэлдмэлийг өглөө өлөн дээрээ нэг аяга, орой унтахдаа бас нэг аяга ууна.  Сонгины хальс чихрийн шижин өвчнөөс гадна зүрх судас, бөөрний үрэвсэлд сайн нөлөө үзүүлнэ. Сонгины хандыг зааснаас хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

 

Таны сурталчилгаа