Цаг үеийн мэдээ

            Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарт зайлшгүй тусгах ёстой 5 асуудлаар мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал эмч сувилагчдын хүрэлцээ дутсанаас болж өвчтөнүүдэд чанартай эмчилгээ сувилгааг хийж чадахгүй байдалд байгаа юм.  Эрүүл мэндийн салбарт яг одоогийн байдлаар  1000 сувилагч, 200 гаруй эмч мэргэжилтнүүд нэн шаардлагатай байгаа гэнэ. Дэлхий нийтийн эрүүл мэндийн байгууллагын жишигт нэг сувилагч 1-3 өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх нормтой байдаг ч манай улсад энэ тоо  4 дахин их байна. Нэг сувилагчид 2-3 хүнийн ажлыг хавсарган гүйцэтгэж байгаа нь өвчтөнүүдэд чанартай эмчилгээ хийхэд саад учруулж байгаа юм.

            Эмнэлгийн үйлчилгээний гол цөм нь болсон сувилагч нарын цалин хангамж муугаас 10 гаруй мянган сувилагч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гэсэн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн өгч байна. Тиймээс ээлжинд гарч байгаа эмч сувилагчдын ажлын байрыг чанаржуулж үндсэн цалинг нэмэгдүүлэх, илүү цагийн мөнгө олгох, ажлын хувцасны зардлыг нэмэгдүүлж энэ мэргэжлээр төгсөгчдийг ажилдаа дуртай байх боломжийг нээж өгөхийг хүслээ.

             Төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх үүнд тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, эм зүйч, эмнэлгийн инженерүүд халдварт өвчний голомтод ажилладаг биологич, нян судлаач, амьтан маллагч, гитологи лаборант, асрагч, нярав, манаач зэрэг ажил мэргэжлүүд цалингийн нэмэгдэлд хамрагдаагүй үлдсэн байна. Мөн ээлжний сувилагч эмч нарт илүү цагийн мөнгө бодогддоггүй байна. Тиймээс нэг цагийн илүү мөнгийг доод тал нь 2000 төгрөгөөр нэмэхийг төсвийн төсөлд суулгаж өгөхийг хүсч байгаа юм байна.

            Мөн шөнийн ээлжид гарсан эмч сувилагч нарын хоолны хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд оройн хоолны төсөв хүрэлцээгүйгээс болж бэлэн хоол идэх, зарим үед огт хооллоогүйгээс болж хоол боловсруулах болон бусад төрлийн өвчлөл үүсэх эрсдэлтэй байдаг байна.

 

 

Таны сурталчилгаа