Цаг үеийн мэдээ

Радиогоо чихэндээ наан, амьсгаагаа түгжих шахам мэдээ сонсон суух Мажиг хөгшний аньсага чийг даасан харагдана. Гартаа барьсан транзисторын элэгдэж хуучирсныг ажвал энэ хөгшинтэй цөөн биш он жилийг хамт өнгөрүүлсэн нь илт. Радиогоо орныхоо хөл рүү хайш яйшхан тавьчихаад хөгшин өрөөний баруун хойд буланд байх жижиг бор авдар руугаа мөлхөв. Сонсъё гэснээ сонсч чадаагүй бололтой.

Бор авдрынхаа өмнө сөхөрч суугаад Мажиг гуай буурал тэргүүндээ алга хавсран мөргөж эхэллээ. Хоёрхон аравныг элээчихвэл зургаадай таягаа тулах энэ буурал давхар хаалгыг эвдчих нь үү гэлтэй балбах чимээг эс анзааран зөвхөн бурхадтайгаа хамт байх агшин.

– Хүү минь сайн барилдаасай… хэмээн сүслэн залбирч суугаа нь энэ.

– Радиогоо сонсоод, сайн сууж байгаарай гээд эмээдээ үнсүүлж, бурхандаа мөргөөд гарсан зээгийнхээ араас “Залбирахаас өөр чадах юм алга” гэж хөгшин өөрийгөө чамлах.

Хоёр гартаа барьж ирсэн ууттай жаахан хүнсний зүйлээ шалаар нэг тарааж шидчихээд:

-Хаалга онгойлгоод өгчихгүй юм аа, дүлий хөгшин чинь… гэж хараал урсган тачигнах охиноо орж ирснийг мэдсэн шинж алга…

… Алтан медаль зүүчихээд, инээмсэглэн ирж яваа зээ хүү Зөнбилэг нь харагдаж, бурханы ивээл бүх биеэр нь гүйх мөчид түүнийг хажуу тийш унатал шүргэхэд Мажиг хөгшин давхийн нүдээ нээв.

– Хаалга онгойлгоод өгчихгүй. Үхсэнээ хийгээд байдаг юм бэ… хэмээн нүд нь гялалзан, шүлс үсчүүлэх махлаг бор хүүхэн бол түүний ганц охин Цацар нь.

Газар тулан босоод гэм хийсэн хүүхэд адил зогсох хөгшин охиноосоо харц буруулсхийн, дальдчих нь элэг эмтрэм харагдана… Ашгүй, Цацарын ааш хормын зуур өөрчлөгдөн, дуу нь зөөлөрлөө.

– Хүүгийнхээ араас залбирч, мөргөөд байгаа юм уу даа, ээж минь… гэхэд аль хэдийнэ муу модон орныхоо хөлд очоод хярсан туулай шиг хулмаганан суух хөгшний дух тэнийх шиг боллоо.

– Миний бор хүү юм дуулгах даг шүү. Ээж нь үүрээр жаахан дугхийхдээ “Хүүгээ медаль зүүчихсэн, дэнхийтэл гүйгээд ирлээ” гэж зүүдэлсэн. Би чинь зүүдлэхээ ч больсон амьтан байгаа юм… гээд охин руугаа аргадангуй харц илгээв.

– За, за. Юун зүүдтэй манатай. Хувцсаа өмс. Чандага одоо хүрээд ирнэ. Цацарыг ингэж хэлэхэд Мажиг гуайн дотор харанхуйлаад ирж.

Үгийг эс дагавал юу болохыг мэдэх хөгшин эвхээсээр нь сэмэртэл хадгалсан бор минчүүн дээлээ хэдрэхдээ ханцуйгаа олохгүй салганав.

– Яачихаад, дээлээ өмсчихөж чадахгүй, бээцрээд байгаа юм бэ дээ гэх Цацарын тээршээсэн яншилттай зэрэгцэн хаалганы хонх дуугарлаа.

– Өө, миний хайрт… Яасан хурдан ирэв. Хайр нь дөнгөж сая орж ирлээ. Миний хайрт халуун юм уух уу?

– За, цай, цүү яах вэ… Яасан?

– Одоохон… гэснээ ээжийнхээ дэргэд очоод Цацар:

– Ээж минь дээ, та чинь бас юугаа гөлрөөд зогсчихов оо…

Охиныхоо уцаартай энэ дуунаас бондгосхийн цочсон хөгшин зээгийнхээ зургийг өвөртөө хийчихээд, насаараа наминчлан залбирч ирсэн “Говийн Лха” бурхандаа өмөлзөн байж хэдэнтээ мөргөлөө. Амандаа тарниа бувтнан, дотогшоо мэгшүүлсээр үүд рүү гэлдрэв…

*** *** *** *** ***

… Нисэх онгоцны буудлаас шууд Төрийн ордонд очиж, энгэрээ Гавьяатын тэмдгээр мялаалгаад, есөн хөлт цагаан тугийн дэргэд зогсох Зөнбилэг эмээгээ битүүхэн хайж байлаа. Ээж нь Чандагатай цуг ирсэн, цэцэг бариад зогсч байгааг харангуутаа эмээгээ гэртээ үлдэж хэмээн бодсон ч:

-Та нарыг бодвол Төрийн ордонд би дуртай цагтаа орох эрхтэй хүн дээ… гээд жижигхэн улаан үнэмлэхээрээ гайхуулдаг болохоор Азийн наадмаас аваргын шагнал хүртсэн зээ хүү нь эмээгээ ороод ирсэн байж магадгүй хэмээн горьдсон хэрэг.

– Одоо л хүүгийн минь хэрэг гарах нь дээ. Баяр хүргэе… гэснээ Чандага маг маг инээн, Зөнбилэгийг чанга гэгч тэврэв. Дэргэд нь зогсох ээж рүүгээ инээмсэглэн очиж, үнсүүлэхдээ хүү:

-Эмээг дагуулаад ирэхгүй яасан юм бэ? хэмээн гомдоллож амжив…

… Хүч хөдөлмөр, авьяас чадлаа гайхуулан эх орныхоо нэр алдрыг тивдээ дуурсгасан аваргуудыг хүлээн авах ёслол өндөрлөж, гэрийнхэнтэйгээ хөөр баяраа хуваалцах мөч.

Зөнбилэг багштайгаа зургаа татууллаа. Багшийнхаа талархал, хайр дэвссэн үнсэлтээр дахин мялаалгаад, ээж дээрээ очив.

-Хэдүүлээ шууд хоолонд орох уу… Чандагыг ингэж хэлэхэд Цацар хажуугаас нь нударснаа:

-Гурвуулаа хамт зургаа авахуулъя… хэмээн хүүгээ аргадангуй хэлэв.

-Тэгье, ээж ээ…

Ээж, хүү хоёр хэд хэдэн янзаар зургаа авахууллаа. Харин эндээсээ шууд хоолонд орох саналыг эс тоон:

-Гэртээ очъё… Хаана очиж хоол идэх гэж… хэмээн Зөнбилэг нухацтай хэлсэн нь Чандагын толгой дээр лантуу буухтай адил хүнд, хатуу сонсджээ.

Тэрээр “Гэртээ очоод нөгөө хөгшнөө асууна… Аягүй бол хайж, ийш тийш гүйвэл яах… юу гэх болж байна…” хэмээн айдас тээн зогссоноо “За, за, эх нь юм болохоор энэ мэдэж байгаа биз…” гэж өөрийгөө тайвшруулав.

Элдвийн юм ярьж, асууж, огт хамаа намаагүй үгээр ээрэх ээжийгээ сугадан алхах Зөнбилэг “Эмээдээ медалиа, гавьяатын тэмдгээ үзүүлэх сэн” гэж яарсаар Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөнөөс гарлаа.

*** *** *** *** ***

… Машин зогсонгуут бууж, түрүүлэн гүйсэн хүүгийнхээ араас Цацар:

-Миний хүү ээ… Зөнбилэг ээ… хэмээн дуудсаар, араас нь шогших аядав.

Түлхүүр барьсаар, амьсгаадан гарч ирсэн ээжээсээ:

-Эмээ гэртээ байхгүй юм уу. Хаачсан юм бэ… гэж угзаргандуу өнгөөр асуулаа.

Хаалгаа онгойлгох гэж түлхүүрээ буруу харуулан хийж мунгинасан Цацар:

-Эмээ нь ядраад байна гээд улсын сувилалд явсан. Удахгүй ирнэ ээ, миний хүү гэж залахдаа тайван байхыг ихэд хичээв.

Эмээгийнхээ өрөөнд оронгуутаа хувцсаа тайлж орон дээр нь тавиад, бурханы өмнө сөхрөн суусан Зөнбилэг зөндөө удаан залбирахдаа эмээгээ бүр их санаж, үгүйлжээ.

-Эмээ хэзээ ирэх юм бэ… Хүүгээ дахин ингэж асуухад:

-Удахгүй ээ, удахгүй… Миний хүү, наашаа суу. Сайхан цай, хоол хийчихлээ… гэж Цацар гал тогооны өрөөнөөс хэлэхэд Зөнбилэг хариу дуугарсангүй.

Эмээгийнхээ бурханы авдран дээр алтан медалиа эвтэйхэн тавиад, гавьяатын тэмдэг гялалзуулсан пиджакаа орны нь толгойн тушаа өлгөв. “Эмээ минь орж ирэнгүүтээ хараад ямар их баярлах бол…” Зөнбилэг ийн бодоод гал тогооны өрөө рүү орлоо…

Зөнбилэг ээжтэйгээ сүүлд суусан Чандагатай төдийлөн ойр дотно биш, огт танихгүй хүн шиг царайлдаг. Яагаад гэвэл ээжийн нь сонгож суусан нөхөр хүүд огт таалагддаггүй учраас хэзээнээс түүнд нүүр өгөлгүй өнөөг хүрчээ. Ер нь Зөнбилэг тэр хоёрыг нэг их тоохгүй, өвөр дээр нь өссөн эмээгийнхээ өрөөнд бүгж, хоёулаа гангар, гунгар хийж суух нь сайхан санагдах.

… Эмээ нь эзгүй энэ үед ч Зөнбилэг тэр хоёроос хөндий хэвээр. Эмээгийнхээ өрөөнд ороод чимээ аниргүй болно… Урьд урьдынхаас илүү хөндий байх шиг санагдахад Чандага:

-Чиний хүү чинь юу бодож, юу төсөөлж байгаа бол… хэмээн үглэнэ…

*** *** *** *** ***

… Радиод өгсөн ярилцлага, телевизээр гарсан нэвтрүүлгийнхээ бичлэгүүдийг эмээдээ сонсгож, үзүүлэх сэн гэхээс Зөнбилэг яарч байлаа. Сувилалд явсан эмээгээ хоног тоолон хүлээж байтал сар гаруй хугацаа өнгөрөв.

… “Эмээ минь, ирэх дөхөж байгаа даа” хэмээн бодох Зөнбилэг энгэрт нь гавьяатын тэмдэг гялалзах пиджак руугаа байн байн харна. Хаалга чагнана… Зарим шөнө унтаж чадахгүй, өглөөтэй золгоно.

-Яагаад ийм удаан хугацаагаар сувилалд явсан юм бол… Надад ярих ёстой доо… Тэгээд ч миний эмээ “Өвдлөө” гэж хэлж үзээгүй хүн дээ…

Хүүгийн сэтгэл хөндүүрлээд нэг л тогтворгүй байх болов. Сарын дараа “Дэлхийн аваргын цом””-ын төлөөх тэмцээнтэй учраас Зөнбилэгт чөлөөт цаг зав олдсонгүй. Шууд бэлтгэлд гарчээ…

*** *** *** *** ***

… Намрын дунд сар талдаа ороогүй байв. Уулын орой цагаан малгай духдуулсан мэт цавцайна. Урд уулын бэл өгсөн дурайх зам улам ч тодорсон мэт харагдана. Мажиг гуай саравчлан зогсоно.

– Машин, тэрэгний бараа алга аа… хэмээн хөгшнийг шүүрс алдахад хажуудах үс хөөвөр нь ширэлдэн, баарцаглаж ноолорсон хар нохой сонсов уу гэлтэй сүүл шарван, эрхлэх аядав.

Туниа муутайхан ээх нар өөд нулимсаа шудран байж, алга хавсран залбирах хөгшний хойно, өмнө нь гарч оцойн суух хар нохой Мажиг гуайг хаашаа ч явсан даган шогшиж, хань бараа болсоор гурван сарын нүүр үзжээ.

“Ганц охиноос минь илүү намайг бараадах юм даа… “Банхар”-ын минь сүүл дээшээ, үс нь сорлог, сайхан байгаа… Миний зээ хүү хүрээд ирнэ ээ… “Медаль авлаа. Гавьяат цолоор шагнууллаа…” гэж ирээд эмээгийн бор хүүг мөн их магтаж, ярьж байна даа, энэ араажаваар…

… “Сайн, сайн” гээд сахлыг будаж, саймширч толгойг илж гүйгээд байсан тэр Энхбилэг чинь өөр хүүхэнтэй суучихсан… Энэ хүүхдийг гаргахгүй… Эсвэл би үхэж, та нарыг амраагаад өгье…” гээд үс гэзгээ зулгаан, хашгичих охиноо аргадах гэж тэврээд авсан биш шууныхаа хоёр судсыг тас хазуулсан Мажиг гуай:

– Ээж нь өөрөөрөө овоглоод авъя. Миний охин, ямар ч байсан наад хүүхдээ төрүүл… Хүн шиг хэрэгтэй, үнэтэй юм гэж хаана ч байхгүй…

Мажиг хөгшин ингэж гуйн, гувшсаар байж зээ хүүтэй болсон…

Дамбадаржаагийн эцсийн буудлаас Зодовын тарлан үнээний сүүг зөөж угжсаар байгаад зээ хүүгээ ой хүргээд авчээ. Хүү нь дөнгөж хөлд ороод өхөөрдөм хөөрхөн болж байлаа. Энэ үед Цацар:

-Би энэ хүнтэй суухаар боллоо… гээд дүүрэн шивээстэй зургийн цомог шиг биетэй эр дагуулаад ирсэн нь Чандага.

-Энэ чинь хань болох хүн биш байна…гэж охиноо гэсэн сэтгэл тээн хэлснийхээ төлөө:

-Яах гэж миний хайр дурлалд оролцож, хориод байгаа юм бэ. Наад зулбасагатай чинь хамт гаргаад хаячихна шүү… гээд шалны мод далайж ирээд, дайрсан охиндоо дахиж ам нээхгүйгээр шийджээ…

… Зөнбилэгийн төрсөн өдрийг эмээгээс нь өөр тоох хүн байгаагүй. Нэг ой хүрсэн хүүдээ хадгаламжийн дэвтэр нээлгэчихээд эмээ, хүү хоёр хоорондоо чанга чанга ярьсаар, гэртээ иртэл үүдэнд нь:

– Сайн байна уу, та?… Юун хүүхэд үүрээд явж байгаа юм бэ… гээд сайхан цагаан залуу зогсч байлаа. Энэ хүн бол Зөнбилэгийн аав Энхбилэг байв.

Эвлүүлж хэлэх гэж зөндөө зүдэрсний эцэст “Охиноо…” гэсэн сэтгэлдээ чангаагдан:

– Өргөж авсан юм аа. Өөртөө хань хийж, гар хөлийнхөө үзүүрт зарах гээд… хэмээн Мажиг хөгшин худал залжээ.

… Америкт ганцхан жил болоод ирэхэд эхнэр нь өөр хүнтэй суусан байлаа. Энхбилэг гомдол, харууслаар дүүрсэн сэтгэлээ тээсээр, Цацарт ганц үг хэлэлгүй гарч явжээ. Мажиг гуай түүний хойноос “Миний хүү, ирж байгаарай” гэж хэлмээр байсан ч охиноосоо айгаад чадаагүй гэдгийг Зөнбилэгийн аав мэдэрсэн байв…

… Хүү минь эцгийгээ мэдэхгүй, танихгүй. Гэхдээ өсч өндийх тусмаа:

-Эмээ, би яагаад танаар овоглодог юм бэ… гэж шалгааж намайг хэлэх үггүй болгохоо больсон байна лээ. Нэг удаа намайг өмөөрч, эхтэйгээ ам мурийхдаа: – Надаас хүртэл миний аавыг нуух гэж ядаж явдгийг чинь мэднэ… гэж хэлсэн юм даг. Эцгийгээ гадарласан байх аа, миний хүү. Хадан гэртээ очихоос өмнө хүүгээ эцэгтэй нь уулзуулчихвал миний хэрэг бүтэх нь тэр…”.

Банхар сөөнгөтөж, царгисан хоолойгоор хуцах нь “Хоолны цаг” болсныг мэдэгдэж байгаа санаа нь гэдгийг Мажиг гуай мэдэж байсан мөртлөө зам харуулдан суусаар байлаа.

*** *** *** *** ***

… – Эмээ нь хугацаагаа сунгуулсан гэнэ ээ. Сувилал нь аятайхан байгаа юм байлгүй. Одоо миний хүү “Дэлхийн аваргын цом”-ыг өвөртлөөд ирэхийг бод. Бэлтгэлээ сайн хий. Азийн аваргад 30 саяыг өгч байгаа юм чинь Дэлхийн аварга болчихвол 100 саяыг атгана гэсэн үг. Бид хоёр энэ муу байрыг сольж, томруулах санаатай. Чандага ах чинь:

– Шинэ хороолол руу нүүмээр байна. Орчноо сольё… Хаана, юунд амьдрах чинь хүртэл хүүгийн минь нэр хүндэд хэрэгтэй шүү гээд байгаа…

Сарын өмнө ээжийн нь хэлсэн энэ үг зэвүүн, бүр зэвүүн санагдана… Зөнбилэг цурхиран уйлмаар байлаа…

Дэлхийн аваргад оролцох эрх авсан түүний ярилцлага, зурагтайгаа сонины эхний нүүрэнд гарчээ. “Эмээ минь ямар их баярлах бол… Эмээ нь мэдээд байсан юм аа…” гээд л.

Зөнбилэг хөгжмөө чангалснаа өөрийн зураг, ярилцлагатай сонингоо бариад буйдан дээр тухлан суув.

Нүдэндээ итгэсэнгүй. Зөнбилэг нүдээ арчиж байгаад дахин дахин харлаа. Эмээгийн нь зураг яах аргагүй мөн… “Гэрэл, сүүдэр” гарчигтай сонины 13 дугаар нүүрэнд нийтлэгдсэн сурвалжлагыг дуустал нь уншив…

“Миний хүү алтан медаль авсан байна. Эмээ нь энэ араажаваар сонссон. Миний хүү удахгүй давхиад ирэх байх аа. Эмээгээ энд байгааг мэдэхгүй л дээ. Гэхдээ эмээгийн хүү чинь зөн совинтой мундаг эр байгаа юм…” гэжээ. Эмээгийн нь нэрийг огт бичээгүй байлаа.

-Яагаад энд ирсэн юм бэ… гэж сурвалжлагчийг асуухад:

-Энэ тухай яриад дэмий… хэмээн эмээ нь хариулжээ.

Нулимсаараа өөрийгөө арайхийн тайтгаруулсан Зөнбилэг базаж шидсэн сонингуудаа тэнийлгэж, эвхэн халаасандаа хийгээд, хүрмээ шүүрч аваад гарав.

… Гомдож, шархалсан сэтгэлийг нь илааршуулах гэсэн шиг:

-Баяр хүргэе… Танд юугаар туслах вэ… хэмээн угтсан Улсын Халамж үйлчилгээний газрын ажилтнуудын эелдэг, сайхан зан, харилцаа Зөнбилэгийг нэлээд тайвшруулжээ.

“Юу гэж хэлэх вэ?”, “Мэдэхгүй…” гэвэл яана гэсэн асуултад ээрэгдэх зуур “Эмээгээ олохгүй, уулзаж чадахгүй бол…” гэх айдас нь алга болсон байлаа.

“Дэлхийд нэрээ дуурсгах гавьяат” гэсэн гарчигтай сурвалжлага, нүүр дүүрэн инээсэн өөрийнхөө гэрэл зурагтай, үрчийсэн сонинг гаргаж ирснээ:

-Та нар надад туслаарай… гэснээ Зөнбилэгийн хоолой зангирав. Тэгснээ:

-Энэ хүний овог, нэрийг тодруулж өгч, надад туслаач… гээд өөрт нь дийлдэхгүй бөмбөрч ирсэн нулимсаа алгаараа арчлаа. Түүнийг өрөвдөж, хайрласан харцаараа “за” гэдгээ илэрхийлсэн бүсгүй цааш эргэж ширээний ард, компьютер дээрээ очлоо. Бүсгүйг дагуулан харах Зөнбилэгээс ширвээтэж буй нь илт, холхон зогссон бүсгүй:

-Түдэвийн Мажиг… Харж асрах хүнгүй учраас холын хамаатан гэх эмэгтэй нь Асрамжийн газар хүргэж өгсөн байна… хэмээн учрыг аль хэдийнэ ойлгож, мэдсэн бололтой доош харан сулхан хэлэв.

-Энэ хүн чинь миний эмээ… Харж асрах хүнтэй… Тэр нь би байна. Миний овог Мажиг… гэж чанга хэлснээ Зөнбилэг эргэж харалгүй, гараад явжээ.

*** *** *** *** ***

… Цасны жавар хайрч, мойнийж тахийсан хэдэн хуруу нь хоорондоо эвлэж өгөхөө больсон хэдий ч эрхиэ шаламгай гэгч эргүүлэн, нүд салгалгүй зам харан суух Мажиг хөгшний нүдэнд зэрэглээ татах шиг… Зам ойртож холдоод ч байх шиг. Салхинд осгоруутаж, улцайсан нүднээс нь урсах нулимс бүрхээд болж өгсөнгүй.

Нүдээ дахин, дахин шударч:

-Энэ муу “Банхар” бас юу ч үзэхээ больж дээ… Машин… Цаана чинь машин ирж байна… гээд босч, аминдаа л яаран алхах аядлаа.

Ойртон ирж яваа машиныг хэзээ хойно харав бололтой “Банхар” тасралтгүй хуцав.

-Миний нүд, чадал хоёр чинийхээс дээр юм гээч… Чимээ өгчихөж чадахгүй “Банхар” чиний хэрэг надад алга… Миний хүү… Миний хүү… Мөн дөө, мөн… гэж үглээд суун тусч, бүдчин, сөхчин зам тосон алхах хүн бол “Миний эмээ” гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Зөнбилэгт юу ч харагдахаа болилоо. Хурдаа нэмэн, нүдээ цавчлах тусам эмээ нь ойртсоор…

… Зөнбилэг авч очсон хүнсний бараа, ойр зуурын эм тариагаа Асрамжийн газрын нярав өвгөнд хүлээлгэж өгөөд:

– Бид хоёр явлаа. Миний эмээ гэр оронтой, харж хандах хүнтэй хүн. Би хүү нь байгаа юм… гэснээ иргэний үнэмлэхээ энгэрийнхээ халааснаас гаргаж үзүүлэв. Тэр сувиллыг толгойлж байгаа гэх, тавь дөхөж яваа болов уу гэмээр насны, налгар бор эмэгтэй:

– Ойлгож байна аа, хүү минь. Мажиг гуай бүгдийг ярьсан. Зээгээ байнга дурсч, охиноо хааяа магтдаг юм… хэмээн сулхан хэлснээ хоолой нь зангираад, том том нулимс хацрыг даган бөмбөрөөд ирлээ.

Энэ бол эмээ, зээ хүү хоёрын учрал түүнийг уярааж, ухаантай хүүгээр нь бахархсан нулимс байв…

*** *** *** *** ***

… Хотын бараа харагдахад хөгшин тоолж буй тарниа чанга хэлснээ ч анзаарсангүй. Жаахан хүүхэд шиг амаа өмөлзүүлж ирээд залбирч байгаа харагдав. Зөнбилэг зүрхэндээ уйлавч, нулимсаа ил гаргасангүй. Яаруулсан юм шиг эрхиэ хурдан, хурдан эргүүлж суусан Мажиг гуай:

– Цацар минь хэдхэн хоногийн өмнө ирсэн л дээ. Эмээ нь хүүгээ ирэхээр харья гээд үлдсэн юм… гэж хэлснээ хоолой нь зангираад ирэв.

Эмээгээ ингэж хэлж байгаагийн цаад утгыг сайн ойлгож, мэдэрсэн Зөнбилэг:

-Ээждээ өгөх гээд нэг өрөө байр авсан. Эмээ та, одоо очингуутаа ээжид шинэ байрны түлхүүрийг гардуулж өгөөрэй. Эхлээд хоёулаа Гандан оръё… Дараа нь ээжтэй уулзъя… гэснээ эмээ рүүгээ хараад, инээмсэглэн өхөөрдөв.

Өндөр гэгээн Жанрайсигтаа мөргөн, сэтгэлээ бүтэн дулаацуулсан Мажиг гуай тэнгэр баганадах мэт ханхайх зээ хүүгээ сугадан алхаж явахдаа:

– Миний хүүгийн аав их сайн хүн байдаг юм шүү дээ. Эмээгийн хүү ааваараа овоглочихвол “Дэлхийн аваргын цом”-ыг дор нь авчих юм биш үү… гээд хүүгээ “Юу гэх бол” гэсэн шиг зогтусан зогслоо. Зөнбилэг эмээгийнхээ гарыг чанга атган, энгэрт нь нүүрээ нааснаа толгой сэгсрэв.

Нэр алдарт хүрэхэд нь “Эмээгээрээ овоглосон, эцэггүй…” гэж шоовдорлох вий хэмээн үргэлж сэтгэл төвдөж явдгаа өнөөдөр Мажиг хөгшин ил гаргаж байгаа нь энэ.

“Миний аав сайн хүн. Гэхдээ сайн аав байж чадсан гэж үү… Үгүй ээ. Би эмээгийнхээ…, энэ навтгар шар хөгшний өвөрт өсч, өвөр дээр нь дэвхцэж өндийсөн. Миний овог хэзээ ч, хаана ч Мажиг…” хэмээн бодсон Зөнбилэг:

– Таны магтаад байгаа тэр хүнийг хүү нь сайн танина аа. Бид хоёр байнга холбоотой байдаг юм шүү дээ. Нээрэн, аав тантай уулзах юм сан гээд байсан гэснээ тэр дороо аавтайгаа утсаар ярилаа.

Хүүгээ, эмээтэй нь хамт гэрийн нь гадаа угтан авсан Энхбилэг:

– Миний хүү чинь аавтайгаа улам адилхан болоод байгаа юм уу даа… гэснээ өсгийгөө өргөн байж Зөнбилэгийг үнслээ…

*** *** *** *** ***

Хоёр тийш харан суужээ. Хэдэн хуруугаа дуугарган, байж ядан байгаагаа илтгэх Чандага ам нээлээ.

– Чи л эхэлж энэ байрыг нэр дээрээ шилжүүлж авахын тулд Асрамжинд өгье гэсэн биз дээ?

– Сургуулийн захирал хүүхэн рүү гүйгээд байхаар чинь чамайг байр, хөрөнгөнд нь болж, үхэх гээд байгаа юм болов уу гэж бодсондоо ийм юм хийсэн. Тэгээд ч чи “Гэрт очихоор тос, тортог ханхлаад байх юм…” гэж ярвалдаад “Ээжийгээ холдуул” гэсэн санаагаа ил хэлж чадахгүй ч элдэв үг, үйлдлээрээ илэрхийлж, байнга дарамталдаг биз дээ?

– Хүү чинь зэвүүн… Толгой цусдана шүү… гэдгийг би чамд зөндөө хэлсэн. Тэгэхэд чи:

– Миний хүү мөнгөний машин болчихлоо. Чи дуугүй бай… гээд томроод байгаагүй бил үү …

Гэдэс рүүгээ хөлөө жийлцэн тэр хоёр ийнхүү хэрэлдээд сууж байтал хаалга тогшлоо. Чандага, Цацар хоёр зэрэг шахам босч аврал хайгаад ч байгаа юм шиг, аль эсвэл нэг нэгийгээ ад үзэх шиг харцаараа зодолдож байснаа Цацар хөлөө зөөж ядан хаалга руу очив.

– Хэн бэ хэмээн тэрээр дуулдах төдий асуулаа.

– Зөнбилэг байна…

Хаалга онгойлгож өгчихөөд угаалгын өрөө рүү орсон Цацар гарч ирэлгүй, хагас цаг шахам болжээ.

Хүүгийнхээ, ээжийнхээ нүүрийг харж чадахгүй байгааг нь ойлгосон Зөнбилэг:

– Та гарч бай… Бидэнд гурвуулхнаа ярих юм байна… гээд хаалга онгойлгов. Сүүл хавчин зугтах гөлөг шиг Чандага ухасхийн гарлаа.

Энэ бүгдийг сонсч, мэдэж байсан Цацар хэзээ мөдгүй үхлээ хүлээсэн өвчтэй хүн шиг бээцийн, хөдөлж ядсаар ээжийнхээ өрөөнд орж ирэв. Охиноо хараад Мажиг хөгшний уруул өмөлзөн:

– Миний охин… Даанч дээ… гээд эхэр татсанаа:

– Алив, ээж нь үнсье… гээд гараа сарвайв.

Зөнбилэг нүд цавчилгүй ээжийгээ харж, эмээгээ түшиж сууснаа:

-Танд эмээ, бид хоёр шинэ байрны түлхүүр өгөх гэсэн юм. Эмээгийн энэ байрны бүх бичиг баримтыг орхиод яваарай гэв…

Шинэ байрны түлхүүр атгасан Цацарын гар халуу дүүгэх шиг болсон ч харцаа шалнаас хөндийрүүлж чадсангүй. Тэрээр “Уучлаарай” хэмээн хэлэх гэж хичээвч түүний уруулыг давж унасангүй.

Гарыг нь атган суугаа атигар шар хөгшнийг сая таньж, олж харж байгаа юм шиг Цацар ухасхийн ээжийгээ тэвэрч авснаа, мэгшүүлэн уйллаа…

*** *** *** *** ***

Эмээгийнхээ шүтээн, бор авдар тэргүүтнийг шороо тоосноос нь салгасан Зөнбилэг:

– Эмээ ээ, хүү нь гавьяатын тэмдэг, медаль хоёроо бурханыхаа өмнө тавьчих уу гэв.

Мажиг хөгшин зээ хүүгийнхээ зулайг удаан үнэрлэснээ:

– Тахил, шүтээн минь амь ороод яасан сайхан юм бэ дээ… гээд бөгтөр нуруугаа тэнийтэл сунаж мөргөлөө.

Цацар юу ч хэлж чадахгүй суусаар байв. Хүү нь эмээдээ шагнал, зураг, аварга болсныхоо дараа өгсөн ярилцлага, сурвалжлагаа үзүүлээд завгүй…

Сэмээрхэн босч, бурхандаа мөргөсөн Цацар хөлөө зөөж ядсаар хаалганд тулж ирэв. Тэрээр эргэж харах гэснээ мөн л чадсангүй. Төрүүлсэн ээж, төрсөн хүү рүүгээ эгцлэн харж чадахаа больтол өөрийгөө шийтгэж, хүн чанараа гээснээ Цацар ухааралгүй өнөөг хүрчээ. Сэтгэлийн их шаналан, гэм буруу хүнийг тэнцвэргүй болгодог гэлтэй. Шатаар уруудан, бэдчих Цацар хашлаганаас нь тас зуурчээ.

Түүний хажуугаар зөрөн, дээш өгссөн хүн танил юм шиг санагдахад Цацар өөрийн эрхгүй эргэж харав.

Хүүгийн нь эцэг дотогш орж байлаа. Зогсоо зайгүй утасдаж, дээрэнгүй дуугаар зандчих Чандага дээр очих гэж Цацар яарсангүй. Байрнаасаа холдмооргүй санагдан, өөрийн эрхгүй хоргодоод байв. Гэрийнхээ цонх руу харан, ойролцоохь цэцэрлэгийн хашаанд зөндөө удаан суулаа…

*** *** *** *** ***

Ээжтэйгээ хөтлөлцсөөр Анагаахын их сургуулийн хаалгаар ороход:

– Өө, Түмэн эмчийн охин… Аав чинь энэ сургуулийн анхны төгсөгчдийн нэг шүү дээ. Аавынхаа мэргэжлийг өвлөн, эзэмших гэж байгаа чамд баяр хүргэе гээд Дуламсүрэн гэх сайхан зантай, өндөр бор хүүхэн угтан авч байсан юм даг. Хожим сонсвол, Дууяа багш аавын минь шавь нарын нэг байсан юм билээ. Манай сургуулийн оюутнуудын олонхи нь охидууд… Цагаан халад, малгайгаараа ижилсчихээр хосгүй, ховор хун шувууд шиг ямар гоё харагддаг байсан гээч. Ээж хааяа ирэхээрээ намайг танихгүй:

-Миний бөндөөлэй хаана байх шиг байна… гээд хажууд зогсч байгаа хүүхдээс асуухад нь аминдаа их ичнэ ээ… Бас л муу ээжийнхээ толгой дээр гарсан, давилуун зангаараа:

-Та чинь одоо сохор юм шиг яагаад хүн амьтнаас асууж, шараа болоод байгаа юм бэ гэж уцаарлана. Тэгэхэд ээж минь:

-Ялгах аргагүй адилхан, ийм олон хүүхдүүд дотроос охиноо олж харахгүй мунгиналаа… гээд хушуу цорвойдог сон…

Ангийнхаа Навчаатай хамт бассейнд орж, дараа нь таэквондогийн дугуйланд явдаг байлаа. Тэгж саваагүйтэж явахдаа Чандагатай танилцсан. Бялдаржуулах урлагийн багш… гээд охид, бүсгүйчүүд хуйлруулсан түүнийг эхэндээ нэг нүдээрээ ч хардаггүй байлаа. “Тагнуулч шиг нэвт шувт ширтсэн мангар амьтан…” гээд тааралдахгүйг хичээдэг байсан мөртлөө оюутнуудын дунд усанд сэлэлтийн тэмцээн зохиох үеэр Чандага манай багийнхныг дасгалжуулсан.

-Энэ багш гээд байгаа балай хар юм чинь чам руу яаж хараад байгаа юм бэ? Миний хайр эмч болох юм чинь ийм дугуйлан, тэмцээнд орж хэрэггүй… гэж Энхбилэгийг хэлэхэд зөрүүд, дураараа хүн чинь яах вэ дээ:

-Чи дуугүй бай. Би өөрийгөө мэдэж байна… гэдэг байлаа.

Англи хэлний олимпиадад түрүүлсэн Энхбилэгийг “Америкт нэг жил суралцах эрхийн бичиг”-ээр шагнуулсан өдөр нь би Чандага багшийн урилгаар бааранд халамцуухан сууж байсан даа…

Хайр сэтгэл гэх халуун дулаан хана хэрмийг аль хэдийнэ сэт татаж, өөрийг нь хуурч мэхэлснийг Энхбилэг огт мэдээгүй…

-Миний хайр, хичээлдээ шамдаарай. Ээждээ сайн туслаарай… гэж ирээд их мундаг захиас сургамж үлдээгээд явангуут нь би Чандагыг дагаж гүйсээр байгаад сургуулиа орхисон…

-Хэвлий дэх хүүхдээ устга… гэсэн Чандагын хүсэлтийг ээж эсэргүүцсээр байгаад хүүтэй болсон. Жил шахам Чандагатай ч, Энхбилэгтэй ч холбоо бариагүй. Намайг жирэмсэн, дараа нь төрсөн… гэдгийг тун цөөхөн хүн мэдсэн дээ. Энхбилэгт хэлэхгүй гэж хатуу шийдсэн. Төрсний дараахнаас Чандага дахин эргүүлж гүйсээр байгаад, би ч сэтгэлээ татаж чадалгүй явсаар хамт амьдрах болсон. Өөртөө нүүр өгөхгүй, дургүй байгааг мэдсэн ээжийг минь Чандага үзэхгүй ээ.

– Чи надтай суух юм бол энэ орон гэрээ чөлөөл… гэнэ.

Би гэж усан тэнэг амьтан тэнгэрээс од шүүрсэн юм шиг түүний үгэнд орж ээжийгээ, хүүгээ ад үзэж, хүний жагсаалтаас гаргаж хаясны эцэст байрыг нь Чандагын нэр дээр шилжүүлж авахын тулд ээжийгээ Асрамжийн газар аваачиж өгсөн…. Түүний үгэнд ороод хүүдээ “Эмээ чинь үхсэн. Одоо хэдүүлээ суварга бүтээе” гэж хэлсэн бол яана аа… Цацар өөрийн эрхгүй бодлоосоо жихүүцэж, өөрөөсөө айх шиг болсноо босч, цонх руугаа харлаа. Тэрээр “Чандага бид хоёр ер нь юутай билээ?” хэмээн өөрөөсөө асуув. “Үр хүүхэдгүй… Өөрийн, өөрсдийн гэх бүтээж бий болгосон юу ч байхгүй… Зөвхөн ээжийг минь холдуулчихаад, хүүгээр минь бизнес хийх гэж байсан…”. Үүнээс өөр хариулт байхгүй тул Цацар гэнэт юманд хөөгдсөн юм шиг унаган багын найзынх руугаа шууд алхав.

*** *** *** *** ***

… Эмээдээ үнсүүлж, ааваараа Нисэх онгоцны буудлаас үдүүлж явсан Зөнбилэг Испанийн нийслэл Мадрид хотноо болсон жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн л алтан медаль авчээ… Хүү нь тивийн, дараа нь дэлхийн аварга боллоо.

Ээжийндээ очиж, хүүгийнхээ амжилт, ялалтын баярыг тэмдэглэмээр, хуваалцмаар байвч Цацар зүрхэлсэнгүй.

Тийзийн үйлчилгээ эрхэлдэг “Air Mongolia”-гийн салбар дээр очиж, Москва руу гурав хоногийн дараа нисэх тийз авлаа. Цацарын дотор хуйларч, бөөгнөрөөд байсан хар юм алга болж, сэтгэл нь хөнгөрөөд ирэв. Хүү рүүгээ утсаар ярилаа.

– Баяр хүргэе, ээж нь… Өөр үг хэлж чадсангүй… Утсаа аль хэдийнэ таслан, гартаа атгасан мөртлөө:

-Ээжийгээ уучлаарай. Ийм сайхан хүү эрийн цээнд хүргэж өгсөн эмээдээ баярлалаа гэж дахин, дахин хэлээрэй, миний хүү… хэмээн ганцаар ярьснаа сая нэг юм анзаарч, хүү рүүгээ дахин залгалаа.

-Наран эгчийнд нь 20 гаруй хонолоо. Өнгөрсөн амьдралаа бодож, өөрөөсөө айж, гутарлаа… Ээж нь Москвад амьдрахаар шийдсэн. Өвөөгийн нь найз Гочоо гуай:

-Шууд хүрээд ир… Ажил, байр бэлэн… гэсэн хэмээн хүүдээ хэлээд нулимсандаа хахаж цацан уйлсаар байв… Хүү нь ээждээ зөндөө үг хэлж, зөндөө юм ярив. Ээж нь бахардаад хариу хэлж чадахгүй байсан ч гэлээ хүүгийн нь хэлсэн, ярьсан бүхэн чихэнд нь бичигдсэн мэт үлджээ.

Нэлээд хугацааны дараа Цацар тайвширч “Яг энэ мөчөөс эхлээд өчигдрийг биш маргаашаа харж амьдарна” хэмээн өөртөө хэллээ.

… Нисэх буудал дээр найзтайгаа хамт ирсэн Цацар нэг л юманд хоргодоод байх шиг. Ер бусын сонин гэгэлзээд, сэтгэл нь тогтож өгөхгүй байлаа.

“Хүү рүүгээ мессеж бичье” гэж бодон, утсаа гаргатал нэг хүн мөрөн дээр нь гараа зөөлөн тавив. Эргээд хартал хүү нь инээгээд зогсч байлаа. Зөнбилэгийн хажууд ээж нь бас хүүгийн нь эцэг… Ээж нь гоёлд өмсдөг үйтэн хуар дээлэн дээрээ “Таван жилийн гавшгайч”-аас “Алтан гадас” хүртэлх одон, медалиа зүүчихэж. Энхбилэг үл ялиг инээмсэглэх нь “Хайртай шүү… Хоёулаа сайхан амьдарна аа. Хэдэн хүүхэдтэй болох вэ…” гээд гарыг нь атган зогсч байсан тэртээ 22 жилийн өмнөх үеийнхтэйгээ адилхан харагдав.

Таны сурталчилгаа