Цаг үеийн мэдээ

Хүмүүс цагаан будааг шууд усанд агшаах замаар хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл ингэж агшаахад цагаан будааны хүнцлийн хор нь хэвээр үлддэг болохыг эрдэмтэд тогтоожээ. BBC сувгийн "Би эмч хүн! Надад итгэ!" нэвтрүүлэгт орсон Белфастийн Хатан Хааны Их сургуулийн биологийн ухааны профессор Энди Мехарг үүнийг нотолсон байна. Тэрбээр цагаан будааг гурван янзаар агшаажээ. Эхлээд нэг аяга будаанд хоёр аяга ус гэсэн харьцаатайгаар агшаахад будаан дахь ихэнх хүнцэл хэвээр үлдсэн байв.
Дараа нь тэр нэг аяга будаанд таван аяга ус хийгээд будааг угааж, илүүдэл усаа хассаны дараа агшаахад хүнцлийн тал нь хасагдсан байжээ. Харин гурав дахь удаагаа тэр будааг усанд дэвтээж хонуулаад дараа нь будааг цэвэрхэн болтол нь угаасан байна. Ингээд нэг аяга будаанд таван аяга ус харьцаатайгаар агшаахад хүнцлийн 80 орчим хувь нь хасагдсан байжээ. Ялангуяа хүүхдэд зориулж бэлдсэн хоолонд үүнийг анхаарах ёстой гэнэ. Хүнцлийн хэмжээ хүний биед нэмэгдсэнээр зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар зэрэг олон өвчинд хүргэх магадлалтай аж.

Таны сурталчилгаа