Энэ удаагийн зөвлөгөөнд бүсгүйчүүдийг анхаарлаа хандуулахыг урьж байна. Эмэгтэйчүүд бидэнд сар бүр урилгагүй ирдэг зочин бий бөгөөд анхаарал халамж илүүтэй хандуулахыг шаардаж байдаг. Түүнийг айлчилсан өдрүүдэд сэтгэл санаа хямарч, бие тавгүйтэх, дотор эвгүйрэх зэрэг олон таагүй зүйлүүд тохиолддог ч тэд нөгөө талаар бидний эрүүл мэндийг асуудлыг хянаж байдаг байна.
Сарын тэмдэг дунджаар 12 настайд эхэлж, 40-50 жилийн турш сард нэг удаа ирдэг эмэгтэй хүний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Сарын тэмдэг ирсэн үед кофеин агуулсан ундаа буюу кофег аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Мөн хөх нь хөндүүрлэдэг эмэгтэйчүүдэд витамин В6 болон витамин Е уухыг зөвлөдөг байна.
Сарын тэмдгийн өнгө ямар байгааг сайтар ажиж байх нь эрүүл мэндийн аливаа асуудлыг эрт үед нь мэдэхэд ихээхэн тустай.
Ягаавтар
Сарын тэмдэг үргэлжлэх үеэр ягаавтар цус гарвал хэвийн. Харин нэг сарын тэмдэг дуусч, нөгөөх нь эхлэх хооронд ягаан цус гарвал сайтар ажиглана. Цус алдалт (жирэмслэлтийн эрт үеийн шинж тэмдэг) байж болох бөгөөд бага хэмжээтэй цайвар цус гарах нь дааврын хэлбэлзэл эсвэл нуугдмал гэмтлийн шинж байх талтай.
Цайвар улаан
Цайвардуу улаан цус гарвал эрүүл байгаагийн шинж. Таны савны хана энгийн хурдаар гуужиж байгаа бөгөөд долоо хоногийн төгсгөл гэхэд тунгалаг өнгөтэй болно. Цайвар улаан цус гарч байгаа ч найм болон түүнээс дээш хоног сарын тэмдэг үргэлжилвэл та эмчид хандах хэрэгтэй.
Гүн хүрэн
Сарын тэмдэг хамгийн их ирэхэд гүн хүрэн өнгөтэй, нөжирхөг цус гарна. Гэхдээ их хэмжээтэй, ийм өнгөтэй цус их хэмжээгээр гарвал фибройд маягийн хавдрын шинж гэж үзэх нь бий. Үүний зэрэгцээ сааралдуу өнгөтэй нөж гарвал зулбалтын эрт үеийн шинж байх талтай.
Улаандуу шаргал
Улбар шар өнгө холилдсон цус гарвал сайтар анхаар. Ихэнх тохиолдолд умайн хүзүүнээс ялгарч буй шингэн цустай холилдсон, ямар ч сөрөг нөлөөгүй байх нь бий. Гэвч заримдаа үтрээнд халдвар орсны шинж байдаг. Улмаар цусны өнгийг цайвар, сонин үнэртэй болгодог. Энэ тохиолдолд эмчид үзүүлнэ.
Хар бор
Сарын тэмдгийн цус хар, бор өнгөтэй гарвал та айж цочирдох хэрэггүй. Өмнөх сарын тэмдгээс үлдсэн хуучин цус гарч байна. Ерөнхийдөө хэвийн боловч хар бор цус нэгээс дээш хоног гарч, цус алдвал та эмчид хандаарай.
Их хэмжээтэй гарах
Сарын тэмдгийн дунд үед ихэнх хүнээс их хэмжээний цус гардаг. Энэ нь савны доторх хана маш хурдан гуужиж байгаагийн илрэл. Гэхдээ өдөрт гурав болон түүнээс дээш ариун цэврийн хэрэглэл сольж байвал таны сарын тэмдэг их хэмжээтэй ирж байна гэж ойлгож болно.
Сарын тэмдэг ирэхгүй байх
Энэ сард сарын тэмдэг чинь огт ирээгүй бол эмэгтэйчүүдийн эмчид ханд. Маш олон шалтгаантай байж болно. Хамгийн түгээмэл шалтгаан нь жирэмслэлт, цэвэршилт. Зарим тохиолдолд биеийн жин огцом өөрчлөгдөх, цочролд орох, хүнд өвчилсөн үед сарын тэмдэг алдагдана.
Сарын тэмдэг ирэх үед дараах хоол хүнсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Хүйтэн хоол хүнс, мөстэй ундаа
Хүйтэн хүнс нь хоол боловсруулах тогтолцоонд төдийгүй цусны эргэлтэд саад болдог тул сарын тэмдгийн хэмжээ багасах юмуу өвдөлттэй ирэх шалтгаан болно. Гадаа халуун байлаа ч мөстэй ундаа биш бүлээсгэсэн ус уугаарай. Мөн сэрүүцүүлэх чанартай гаатай ундаа, гаатай чихэр, мөхөөлдөс зэргийг идэх хэрэггүй юм.
Халуун ногоотой болон исгэлэн хоол хүнс
Энэ төрлийн хоолнууд шингэц муутай. Харин сарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэсэн нь дээр юм. Халуун ногоо, шарсан хуурсан юм ихтэй хоол нь цус их хэмжээгээр алдах шалтгаан болно.
Чихэрлэг хүнс
Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөд улмаар сэтгэл санаа тогтворгуй болох шалтгаан болдог. Үүний оронд паста, будаа, шош, амуу будаа гэх мэт нүүрс ус хэрэглэхийг зөвлөж байна.
Давс
Сарын тэмдгийн үед эстрогений түвшин өөрчлөгдөх тул усан хаван үүсдэг. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Давс энэхүү хаванг ихэсгэдэг учир нэг өдрийн давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг.