АНУ-ын Алъяскын армид прокурор, хуулийн офицер мэргэжлээр алба хаадаг ахмад Д.ТҮМЭНТӨГС-ийг эх орондоо богинохон хугацаанд ирээд байхад нь ярилцсан юм.
Та яагаад цэргийн хуульч мэргэжлийг сонгох болсон бэ?
-Үнэндээ би цэргийн хуульч хэмээх мэргэжлийн тухайд ямар ч ойлголтгүй байлаа. АНУ-ын Виржиниа мужийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн. Тус сургууль нь улсдаа топ таван сургуулийн жагсаалтад багтдаг тун ч нэр хүндтэй их сургууль юм. Хуулийн ангид элсэхэд хувь хүнээс өндөр шалгуур шаарддаг. Анх тэнцэх гэж нэлээд хөлс урсгаж байсан шүү. Манай сургуулийн ойролцоо Үндэсний гвардын анги байрладаг учир би ерөнхийд нь тус улсын цэргийн алба хаагчдын юу хийдэг талаар ерөнхий ойлголттой байсан. Ингээд бакалавраа амжилттай дуусгаад докторын зэрэг хамгаалахаар суралцсан. Учир нь Америкт хуульчаар ажиллахад заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлагатай байдаг. Үүгээр ч зогсохгүй докторын зэргээ хамгаалсан бол тус улсын Хууль зүйн яамны хороонд хуульчийн лицензийн эрх авах шалгалт өгдөг. Бас л маш өндөр шалгууртай болохоор гурван өдрийн турш авдаг. Энэ хүнд даваагаа давчихвал сая өөрийгөө хуульчаар ажиллах боломжтой боллоо гэж үздэг.
Та миний асуултад хариулсангүй ...
-Ингээд лицензийн эрхээ аваад удаагүй байхдаа армид ажилд орохоор шийдсэн. Ер нь оюутан байхдаа цэргийн дүрэмт хувцастай хүмүүсийг хараад армид ажиллаж үзвэл сонирхолтой байж магадгүй гэж дотроо битүүхэн боддог байсан нь сүүлд нөлөөлсөн байх гэж боддог. Эзэмшсэн мэргэжлээрээ армид алба хаахын тулд нэлээд өндөр шалгуурыг давсан. АНУ даяараа армид жилд 10-хан хүнийг сонгон шалгаруулж, цэргийн хуульч мэргэжлээр алба хаалгадаг. Тийм болохоор өрсөлдөөн их гэсэн үг. Мэдээж мэргэжлийн чадварыг харах нь ойлгомжтой ч цэргийн алба хаагч гэдэг утгаараа хувь хүний удам судар, аж байдал, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужлыг гол үзүүлэлт болгодог. Тийм учраас зарим өрсөлдөгчид эрүүл мэнд, биеийн тамирын байдлаасаа болж хасагдах нь элбэг. Цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдсан даруйд шууд цэргийн дүрэмт хувцас өмсүүлсэн нь үнэхээр намайг “шок”-нд оруулсан гэж болно. Эргэн тойрон бөөн гүйж, харайсан, загнасан, загнуулсан хүмүүсийг хараад тэр шүү дээ. За тэгээд биеийн тамир, тэсвэр хатуужлын бэлтгэл нь үнэхээр хүнд. Байлдагч, ахлагч нарын биелүүлэх нормативаас офицеруудынх илүү байдаг онцлогтой. Гэхдээ офицерын албанд орох гэж байгаа гэдэг утгаараа хангамж, орон байрны хувьд илүү. Байлдагч нар казармд байрлаж байхад бид нэг өрөөнд хоёулаа байрлах жишээтэй.
Мэдээж цэргийн хэргийн ямар ч мэдэгдэхүүнгүй бид малгайнаас эхлээд хүн нэг бүрийн хэрэгслээ авч явах гээд цаанаа л нэг бойтог байх нь ойлгомжтой. Үүнийг анзаарсан цэргүүд янз бүрээр биднийг шоглочихдог байлаа. Ямар сайндаа л нэг салааны цэргийн алба хаагч бүр миний хажуугаар өнгөрөхдөө ёсолж байх вэ дээ. Цэргийн дүрэм мэдэхгүй хүн чинь сандарсандаа цэрэг бүхэнтэй ёсолчихсон. Үүнийг анзаарсан манай жагсаалын даргын элэг нь хөших гэж байсан шүү.
Ер нь офицер, ахлагч нарын ялгаа их үү?
-Их байлгүй яах вэ. Бэлтгэлд байхад жагсаалын дарга нар цэргүүдтэй “аймаар” харьцдаг. Чихэн дээр нь орилоод, дэвсээд, цохиод, гүйлгээд хүнийг бүр сөхрүүлж байх жишээтэй. Гэтэл бидэнтэй офицерууд гэдэг утгаараа тэгж харьцдаггүй. Нэг удаа бид шалгалт өгөөд цэргүүдийн хоолны газраар үйлчлүүлсэн юм. Гэтэл байлдагч нарын иддэг хоол, хүнсний хангалт биднийхээс дутуу байсан. Тэгээд ч зогсохгүй цэргүүд хоолоо аваад дөнгөж идэх гэж байхад нь ахлагч орж ирээд “За цэргүүд та нарт хоолоо идэх 10 секундын хугацаа өглөө. Хурдлаад, хурдлаад” гэхэд зааланд байсан цэргүүд хоолоо ходоод руугаа амжиж хийх гээд аяга, тавгийг мөн ч тачигнуулж байсан даа. Бид түүнийг харчихаад үнэхээр айсан. Ямар азаар офицерын албан тушаалд томилогдох гэж байгаа юм бэ, бурхандаа баярлалаа гэж өөрийн эрхгүй хэлсэн шүү. Нөгөөтэйгүүр офицерууд бүх зүйлээрээ үлгэр жишээ байх ёстой. Тухайлбал, биеийн тамирын нормативыг заавал 100 хувь биелүүлж байж дараа, дараагийн албан тушаалд томилогддог. Тэр нь байлдагч, ахлагч нарын нормативаас хамаагүй өндөр шалгууртай гэсэн үг. Хэрвээ та биеийн тамирын цуглуулах ёстой оноогоо авч чадахгүй байвал авч чаддаг болтлоо дахин, дахин хичээллэнэ гэсэн үг. Хэрвээ шантраад чадахгүй гэх юм бол гарах хаалга үргэлж нээлттэй.
Тэгэхээр та үнэхээр хүнд шалгуурыг давж одоогийн амжилтад хүрчээ. Ер нь армид хэд дэх жилдээ алба хааж байна вэ, цэргийн хуульч мэргэжлийнхээ тухайд манай уншигчдад танилцуулна уу?
-Армид дөрөв дэх жилдээ алба хааж байна. Та мэдээж гайхаж байж магадгүй, дөрөвхөн жил ажиллаад ахмад цолонд хүрчихсэн гэж. Ер нь Америкийн армид хуулийн офицеруудын цол нь ахмадаас эхэлдэг. Учир нь дандаа анги, байгууллагын захирагч, дарга нар буюу хурандаа, генерал цолтой хүмүүст зөвлөхөөр ажилладаг болохоор тэр. Би өмнө нь БНСУ-д байрлах АНУ-ын Тэнгисийн явган цэргийн маш том баазын захирагчийн зөвлөх хуульчаар ажилласан. Тэгэхээр ядаж ахмад цолтой хүн байхгүй бол генералуудтай харьцаж ажиллахад хүндрэл учирна шүү дээ. Ер нь Америкт дан ганц цэргийн алба хаагч ч гэлтгүй иргэн бүр хуулиа маш ихээр дээдэлдэг. Тийм болохоор гаргаж байгаа шийдвэр бүрээ хуульчаас асуудаг гэсэн үг. АНУ-ын хөгжил хэдэн зуун жилээр тасралтгүй үргэлжилж байгаагийн нэг түлхүүр нь бүх зүйл хуулийн хүрээнд явагдаж чаддагт байдаг юм болов уу гэж миний хувьд боддог.
Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу, танай удамд цэргийн хүн бий юу?
-Аав маань хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яаманд хошууч цолтой алба хааж байсан. Гэхдээ аавынхаа мэргэжлийг өвлөе гэж огтоос бодож байгаагүй. Нэг мэдсэн чинь л цэргийн хуульч болчихсон. Үнэндээ аав минь намайг бага байхад Хөгжим бүжгийн коллежид хийлч мэргэжлээр суралцуулсан юм. Дараа нь СУИС-д жил гаруй хугацаанд суралцаад 2000 онд алс холын Америк тивийг зорьж байлаа. Түүнээс хойш даруй 20 орчим жил өнгөрчээ. Гэр бүлийн тухайд гэвэл хоёр хүүхэдтэй.
Америк улс армийнхаа хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг гүрэн. Мэдээж дэлхийн шилдэг армид алба хаахад гайхан биширч, сонин содон санагдах зүйлстэй учирч явсан биз ...
-Би хуульч хүн болохоор зэвсэг, техникийн хөгжлийн талаар нарийн ширийн зүйл мэдэхгүй юм. Миний анзаарсан зүйл гэвэл америкчууд цэргийн алба хаагчдыг маш ихээр хүндэлдэг. Хаана ч явсан тэр, хүмүүс хүрч ирээд “Thank you for your service” (Эх орныхоо төлөө зүтгэж байгаад тань баярлалаа) гэдэг. Бүр заримдаа үнэхээр ичдэг шүү. Ресторанаар үйлчлүүлчихээд идсэн хоолныхоо тооцоог хийх гэтэл “Таны өмнөөс тооцоог тань аль хэдийн хэн нэгэн төлчихсөн” гэхтэй олон удаа таарсан. Гадаа гудамжинд алхаж явахад хүртэл хүмүүс хүрч ирээд хамт зургаа авахуулаад л, тэр үед “Би бол зүгээр жирийн хуульч хүн. Ямар нэгэн дайнд ч явж байгаагүй” гэхээр “Та бол цэрэг хүн, бидний төлөө, энэ эх орны төлөө та хэзээ ч амиа алдаж магадгүй. Тийм болохоор та бидний баатар” гэж хэлж байсан. Ард түмэн нь цэрэг хүнийг их хайрладаг юм байна гэж боддог.
Таныг монгол хүн гэхээр цэргүүд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Афганистан улсад монголчуудтай хамт нэг баазад үүрэг гүйцэтгэж байсан америк цэргүүд ам сайтай байдаг юм билээ. Монгол цэргүүдтэй хамт байхдаа тохиолдож байсан хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцахаас гадна “Монгол цэргүүд манай баазыг хамгаалж байхад бид шөнө нь санаа зовохгүйгээр унтдаг байсан” гэж надад олон ч цэрэг хэлж байхыг сонсоод би монгол цэргүүдээрээ үнэхээр их бахархсан. Ямар сайндаа намайг анх армид орох гээд ярилцлага өгч байхад “Ямар үндэстэн бэ?” гэхэд нь “Монгол хүн” гэсэн чинь “Ямар ч байсан тэсвэр хатуужилтай юм байна. Багийн ахлагчаар нь чамайг томиллоо” гэж хэлсэн. Түүнээс биш Ази эмэгтэй гэхээр тэдэнд хамгийн түрүүнд уяхан турьхан, тэсвэр хатуужилгүй гэсэн ойлголт төрдөг.
Танаас өөр монгол хүн Америкийн армид бий юу?
-Жилийн өмнө Алъяскад цэргийн цагдаа ахлагч залуутай тааралдаж байсан. Ер нь монголчуудтайгаа мэр сэр тааралддаг. Энд тэнд сураг ч сонсдог. Гэхдээ Америкийн арми маш том учраас нэг таарсан хүнтэйгээ ахин таарахад үнэхээр хэцүү. Харин хуулийн офицерын хувьд би одоохондоо ганцаараа гэж хэлж болно.
Ярилцсанд баярлалаа.
М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин