Цаг үеийн мэдээ

Өмнөговийн Дэмүүл арслан гэж аатай, амтай явсан нэгэн байжээ. Нэгэн бөх түүнийг дурсахдаа “Манай говийнхон Дэмүүл арслангаа таньдаггүй бурхнаасаа илүү шүтнэ шүү” хэмээсэн билээ.

Ингээд их говиос төрсөн арслангийн тухай нэгэн зүйлийг өгүүлье. 1966 он буюу үерийн жилийн наадмаар мань эр Дорнодын Түвшин гэдэг цэрэг-тэй барилджээ. Гэтэл унаагүй байсан түүнийг Бадамсэрээжид арслан унасан хэмээн зарла-сан аж. Ингээд Түвшин давж, тэр жилээ дөрөвт үлдэн, шууд улсын заан цол хүртсэн билээ. Унаагүй байхад нь унасан хэмээн зарласанд уур нь хүрч, хор шар нь хөдөлсөн Дэмүүл Бадамсэрээжид арслан дээр очиж “Чи яахаараа хол нутгийн нэг ядарсан жолооч намайг унасан гэж зарладаг юм байна.

Май үүнийг зарж ид” гээд гутлаа өгтөл арслан урдаас нь гутлыг нь түлхэн “Би хүний хуучин гутал авахдаа тулаагүй байна” гэжээ. Гэтэл тэрээр “Тэгвэл май үүнийг ав” гээд Бадамсэрээжид арслан гуйвтал нь алгадчихаад явжээ.

Маргааш нь наадмын комиссын хурал дээр Дэмүүл ороод “Та нар дахиж наадам хийдэггүй л юм бол яаж миний гомдлыг барагдуулдаг юм бэ? Хойтон жилийн наадмаар би хутга түрийлж ирнэ шүү. Дахиад ийм юм гаргаад үзээрэй” гэсэн гэнэ. Ирэх жилийн наадмаар Дэмүүл мөнөөх Түвшинг амалж аваад “Заан болоод нэг жил болсон хүүхэд бодвол улам сайжирсан байлгүй” гээд барил-даж унагаж байсан гэдэг.

Мөн нэг жилийн наадмаар Дэмүүлийг Баянаа аварга амалж авахад нь “Өмнөговь аймгийн зуун мянган хөдөл-мөрч-дийг төлөөлж ирсэн на-майг амлаад байхдаа яадаг юм. Чамтай би Туулын усыг цалгитал бяр гаргаж барилдана” гээд шуудагныхаа уяаг тэнд байсан бөхчүүдээр чангалуулж байхдаа “Хуруу байтугай хумс орохооргүй болтол чангалаарай” гээд гарч барилдан цаг шахам ноцолдсоны эцэст арга буюу унаж байсан гэдэг.

Мөн Дундговийн наадамд барилдаж байхдаа морь үзээд явж байтал нутгийн хэдэн бөхчүүд түүнээс “Энэ жил хэн түрүүлэх бол” гэхэд “Дэнж нь хазайдаггүй юм бол Дэмүүл нь хазайхгүй биз. Энэ наадам миний наадам" гэж хэлсэн бөгөөд үнэхээр хазайхгүй байсаар наадмын түрүүг авч байжээ.

Таны сурталчилгаа