Хэрэглээ ихсэх тусам тэр хэрээр хог хаягдал ихсэх нь бичигдээгүй хууль юм. Тэр тусмаа эмэгтэйчүүд бид гоо сайхан, өдөр тутамдаа олон нэр төрлийн зүйлс хэрэглэдэг бөгөөд тэр хэрээр хуванцар савны хаягдал ч их болдог. Тиймээс бүсгүйчүүддээ олон нэр төрлийн хэрэглээг хязгаарлаж, байгалийн гаралтай цөөхөн зүйлсээр арьсаа арчлах аргыг зөвлөе.
Гоо сайхан байх, нүүрнийхээ арьсыг арчилах үндсэн бөгөөд хамгийн эхний шат бол арьсаа өдөр тутам байнга цэвэрлэх явдал юм. Ингэснээр нүүрний арьсанд тогтсон бохирдол, тослог, илүүдэл гуужсан арьсыг цэвэрлэж нүүрны арьс амьсгалж эрүүл, сайхан байх орчныг бүрдүүлж байна гэсэн үг. Бидний зүгээс зөвлөх байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь өөрийн найрлага бүтцэндээ арьс цэвэрлэх, гуужуулах, бохирдлыг шингээж авах элементүүд агуулсан байдаг тул байгалийн гаралтай нүүр цэвэрлэгчүүд л гэсэн үг юм.
Тараг
Чихэргүй, органик таргыг нүүрэндээ түрхэж, хурууны өндгөөр иллэг хийж 10-15 минут болгоод бүлээн усаар угаах эсвэл алчуураар арчиж авсан ч болно. Тараг нь арьсны бохирдол хийгээд нүүрний будгийг ч сайтар цэвэрлэнэ.
Оливын тос
Оливын тосыг нүүрний арьсанд түрхэж жигд массажлах байдлаар бохирдлыг цэвэрлэнэ. Дангаар нь түрхээд бүлээн усаар угаана. Эсвэл 1/2 цайны аяга оливын тосыг 1/4 цайны аяга цагаан цуу, 1/4 цайны аяга устай хольж сайтар хутгаж миксэрдээд л байгалийн гаралтай гүн цэвэрлэгч бэлэн боллоо гэсэн үг. Нүүр цэвэрлэж элдэв нянг устгахаас гадна арьсыг цайруулж толигор болгох ид шидтэй.
Нимбэгний шүүс
Цайруулах шидтэй байгалийн цэвэрлэгч бол нимбэгний шүүс, зөгийн бал юм. Нэг цайны халбага нимбэгний шүүсийг 2 цайны халбага зөгийн балтай хольж сайтар хутгаад нүүрний арьсандаа жигд түрхэнэ. Хаттал нь хүлээгээд бүлээн усаар угаагаарай. Таны арьсны бохирдол арилж сайхан болсныг мэдрэх болно.
Дашрамд сануулахад бүсгүйчүүд бидний өдөр тутмын цэвэрлэгээд нэг удаагийн хөвөн маш их ашиглагддаг бөгөөд тэр хэрээр асар их хог хаягдал болж байдаг. Харин та нян үрждэггүй байгалийн гаралтай /хулснаас гаргаж авсан/ алчуур олоод авчихвал түүнийг өөртөө тохируулан жижиглэж хуваагаад өдөр тутамд угааж хэрэглээд байх боломжтой юм шүү.