Дэлхийн II дайны үед АНУ-ын байлдааны онгоцны нисгэгчид сайн нойр авч чадалгүй тулаанд ордгоос өөрийн онгоцоо буудаж унагах, дайсны довтолгооноос зугтаж чадалгүй суманд оногдох зэрэг алдаа гаргадаг байжээ. Ингээд тэнгисийн цэргийн офицер Бад Уинтерт нисгэгчдийг ямар ч орчин нөхцөлд түргэн нойр авч чаддаг болгох арга боловсруулах даалгавар өгчээ. Тэрээр өмнө нь коллежийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч байхдаа сэтгэлзүйчидтэй хамтран тамирчдад богино хугацаанд биеэ амраах дасгал боловсруулж, амжилттай хэрэгжүүлж байж. Уинтерийн боловсруулсан арга ч үр дүнгээ өгч зургаан 7 хоног дасгал хийсний дараа нисгэгчид 2 минутын дотор унтаж сурсан байна. Буун дуу сонсогдож байхад ч, кофе уусны дараа ч, суугаагаараа байхдаа ч тэд гүн нойронд автаж сурцгаажээ. Ингээд Уинтерийн боловсруулсан аргыг танилцуулж байна.
Тухтай байрлалаа олох
Оронд хэвтэж байгаа хүнд энэ бол асуудал биш. Харин сууж байгаа хүнд тухтай байрлалаа олох нь хамгийн чухал.
Нүүрээ суллах
Хамгийн чухал нь энэ хэсэг юм. Хүний нүүрэнд 43 булчин байдаг. Нүүр бүхэлдээ суларч чадвал биеийн бусад бүх хэсэгт тайвшрах дохио өгдөг ажээ. Тиймээс нүдээ аниад дух, эрүү, хацар, хэл гээд нүүрээ бүхэлд нь сул тавь. Ингэж чадвал хүн гүнзгий, удаан амьсгалж эхэлдэг. Үүний дараа нүдээ суллана. Нүдийг тойроод 6 булчин байдаг.
Мөр, гараа суллах
Мөрөө хүндэрч байгааг мэдэрч, хөл рүүгээ унаж байна гэж төсөөл. Ихэнх хүмүүс мөр, хүзүү, эрүүндээ их ачаалал өгч явдаг тул суллаж чадах нь маш чухал. Мөр, хүзүүгээ бүрэн сулласны дараа 2 гараа ээлж ээлжээр суллаж, бүрэн сул хаяна.
Хөлөө суллах
Бөгсөн хэсгийнхээ баруун хэсгийг хүндрэн доош живж байгаа мэтээр сэтгэнэ. Өвдөг, шагай, хөлийн хуруу хүртлээ энэ мэтээр суллана. Дараа нь зүүн талаа бас ингэж суллах хэрэгтэй.
Тархиа 10 секунд цэвэрлэнэ
Бүх бие суларсны дараа тархиа “унтраах” дасгалд шилжинэ. Толгойдоо ямар нэг хөдөлгөөнтэй зүйлийн талаар огт бодож болохгүй. Жишээ нь дугуй унасан тухайгаа, гадуур явах ажлынхаа талаар гэх мэт. Ийм бодлууд хүний биеийг өөрийн эрхгүй чангалж, хөдөлгөж эхэлдэг.
Уинтерийн заасан бодлын нэг жишээ: “Хаврын дулаахан тунгалаг өдөр дөлгөөн нуурын мандалд хөвөх завин дээр тэнгэр хараад хэвтэж байна гэж төсөөл. Цэнхэр тэнгэр, удаан нүүх үүлсийг ажиглаж байна. Энэ зураглал дээр төвлөрөөд өөр юуг ч бодож болохгүй. Ингэвэл 10 секундын дараа нойронд автана” гэжээ. Энэхүү дасгалыг олон дахин давтсаны эцэст 6 сарын дараа нисгэгчдийн 96 хувь нь ямар ч нөхцөлд гүн нойрсож чаддаг болсныг санах хэрэгтэй.