Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай ба Монгол улс энэ жил 20 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна. Сэтгэцийн эмгэг нь өдөр тутмын бухимдал, зан үйлийн өөрчлөлт нь архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст болон улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм.
Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвөөс хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалтай, 4.4 хувь сэтгэл гутрах эмгэгтэй байгааг тогтоожээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авагчид нь ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дунд ялгаварлан гадуурхагдаж сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байдаг ажээ. Ялгаварлан гадуурхалт тэднийг асуудлаа гэр бүл, найз нөхөд, багш, ажлын хамт олон ойр дотныхонтойгоо ярилцахаас эмээх, бусдаас нуух, мэргэжлийн тусламж авч чадахгүйд хүргэхээс гадна ажил, орон гэр, гэрлэх, нийгмийн идэвхтэй харилцаанаас татгалзахад хүргэдэг байна.
Мөн архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд эрүүл мэнд хурдан дорддогийг ДЭМБ тогтоожээ. Үүнийг сэтгэцийн эрүүл мэнд хэмээн тодорхойлдог аж.
Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж буй. Түүний нэг нь сэтгэл гутрал юм байна. Ази Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орныг хамруулсан зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны дүнд манай улс долдугаарт жагсчээ. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэдэг гэсэн баримт бий.
Хүүхдүүд сэтгэцийн хямралд их өртдөг
Хүүхдүүдийн тухайд гадаад орчны байнгын өөрчлөлт нь хүүхдийн бие махбодийн дасан зохицолтод нэмэлт ачаалал үзүүлж, улмаар сэтгэцэд нь нөлөөлдөг. Хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гадаад хүчин зүйлд гэр бүлийн харьцаа, орчин хамгийн их хамааралтай байдаг аж. Эцэг, эх нь хэрүүл, маргаан үүсгэх, ойрын хамаатан нь бэлгийн хүчирхийлэлд уруу татах, оролцуулах, биед нь зохисгүй байдлаар хүрэх зэрэг нь хүүхдийг айдаст автуулдаг байна. Энэ нь даамжирсаар хүүхэд өөртөө итгэлгүй, ганцаардмал нэгэн болоход хүргэж, сэтгэл гутралыг үүсгэдэг аж. Мөн хүүхэдтэй зүй бусаар харьцаж, үйлдэл бүрийг нь хориглож буруушаавал, хүүхэд өөртөө итгэлгүй болж, чөлөөтэй сэтгэж чадахаа больдог байна. Үүнээс хамааран хэл яриа, ой тогтоолт мууддаг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ “ой муутай”, “тэнэг” гэж цоллохын оронд сайн ярилцаж, болохгүй зүйл юу байгааг нь олж харах нь сэтгэцийн өөрчлөлтийн илрэлийг бууруулах нэг арга юм байна. Учир нь хүүхдийн сэтгэхүйн онцлог нь ойр дотны хүмүүсийн яриа, хандлагад итгэх нь илүү байдаг аж.
Сэтгэцийн эмгэгээс өөрийгөө хамгаалах арга
Хэрэв хүмүүс тухай бүрт нь стресс, ядаргаагаа тайлж чаддаг бол сэтгэцийн хямралд өртөхгүй байж болох аж. Тухайлбал тулгамдаад байгаа зүйлээ итгэсэн хүндээ ярих хэрэгтэй. Хэрвээ итгэлтэй хүн байхгүй бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж болно. Аль эсвэл найз нөхөдтэйгөө ярьж суух, караокед дуулах, ууланд гарах, ярьж болохгүй бол бичээд түүнийгээ устгах, биеийн тамираар хичээллэх, саунд орох гээд өөрт тохирсон аргаар стрессээ тухай бүрт нь тайлж сурах нь хамгаас чухал.