Цаг үеийн мэдээ

/Олон улсын охидын өдөр/

            Охидоо хайрласан айл аз жаргалтай, өнөр өтгөн байдаг бол охидоо дээдэлсэн улс үндэстэний удам бат бэх байдаг гэдэг.  Тэгвэл 10 дугаар сарын 11-ний энэ өдөр бол ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР юм.  Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд  анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг байна.

            Анх 2012 онд энэхүү өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас тунхаглажээ. Энэ өдөр дэлхий нийтэд охидын эрхийн талаар сануулж, хүчирхийлэл болон насанд хүрээгүй охидын гэрлэлт, хүчээр нөхөрт гаргахыг эсэргүүцдэг байна.     НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн гуравны нэг нь хүчээр айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад нь эрд гаргасан байдаг аж. Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 90 хувийг 15-19 насныхан төрүүлдэг бөгөөд төрөхийн хүндрэл нь энэ насны охидын хувьд үхлийн гол шалтгаан болдог байна. Иймд насанд хүрээгүй эмэгтэйтэй гэрлэхийг НҮБ-ын гишүүн 193 орны 103 нь хоригложээ.

            Тэгвэл манай орны хувьд ч охиддоо ээлтэй бус орны тоонд ороход тун ойрхон байна. Монгол улсын хувьд нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд үүнээс  35 хувийг 0-19 насны охид эзэлдэг гэсэн Үндэсний статистикийн газрын мэдээ бий. Харин нийт хүн амын 18 хувийг охид эзэлдэг байна. Гэтэл охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болсоор байна.

            Өсвөр насны охид нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас эрт жирэмслэх, улмаар үр хөндүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх зэрэг олон асуудал тулгардаг аж.

Тодруулбал 2012 онд 15-19 насны 4198 охин ээж болсон бол 2013 онд 3500 гаруй охид  насанд хүрээгүй байхдаа ээж болжээ. Мөн охидын эрхийг хамгаалдаг “Гүнж” төвд хандсан 7-16 насны охидуудын дунд хийсэн судалгаагаар охидын 54 хувь нь ураг төрлийн хүчинд өртдөг бол 30 хувь нь болзооны үеийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж.   Үүнээс үзэхэд насанд хүрээгүй охид сургуулийн орчин, үе тэнгийн найзууд дундаа, мөн хамаатан садныхаа хэн нэгний гарт хүчирхийлэлд өртөх байдал жилээс жилд нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

            Мөн хүчирхийлэлд өртсөн охидын 64.9 хувь нь найз нөхдөдөө мэдээлэл өгсөн. 34.8 хувь нь эцэг эхдээ, 3-8 хувь нь анги удирдсан багшдаа ярьдаг гэсэн  судалгаа гарчээ.  

            Тиймээс охид хүчирхэг бол улс орон амгалан байх ёсыг даган цэцэг цэврүү мэт охиддоо анхаарал халамж тавьж, тэднийгээ сонсох цаг нь болжээ. Иймийн тулд охидоо эрт төлөвшүүлж, өөрийгөө хамгаалах, бусдыг сонсох, биеэ зөв авч явах, мэдлэг боловсролтой байх, эрхээ мэддэг байх зэрэг олон талын боловсролыг эзэмшүүлэх ёстой юм.  Хэрэв та охинтой бол тэднийхээ найз нь байж, тэднийхээ асуудлыг сонсдог сайн сонсогч байгаарай. Хүчирхэг охидыг эцэг эх бид л бүтээнэ.

 

 

 

Таны сурталчилгаа