Цаг үеийн мэдээ

Шинэ мэдээллийг хурдан тогтоох, цээжлэх чадвар нь хичээл ном, ажлын талбарт төдийгүй хоббигоо хөгжүүлэх гээд бидний өдөр тутмын амьдралд маш ихээр хэрэг болдог. Шинээр хүлээн авч буй мэдээ, мэдээллийг түргэн хугацаанд тогтоох нь өрсөлдөгчдөөсөө давуу талтай болж, амжилтад хүрэх боломжийг нээж өгөх юм. Харин энэ чадварыг 50 хувиар нэмэгдүүлдэг тун хэрэгтэй аргыг та бүхэнд хүргэж байна.

            Энэ аргыг Лейтнерийн систем гэж нэрлэдэг. 1970 оны үед зохиолч Себастьян Лейтнерийн анх нээн, хөгжүүлжээ. Зарчим нь тун энгийн. Их хэмжээний мэдээллийг олон жижиг хэсгүүд болгон жижиг цаас дээр тус тусад нь бичээд олон удаа давтах замаар цээжлэх нь энэ системийн гол санаа юм. Энэхүү арга нь цээжлэлт, ой тогтоолтыг 50 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг Харвардын Их Сургуулийн профессор Прайс Кирфут нотолсон. Үнэхээр гайхалтай байгаа биз? Үүнээс ч гайхалтай өөр нэг зүйл юу вэ гэхээр энэ арга тун энгийн бөгөөд ямар ч хүн хэрэглэх боломжтой.

Ингээд Лейтнерийн системийг хэрхэн хэрэглэх тайлбартаа орьё.

            Тогтоох шаардлагатай мэдээллээ хөзрийн хэмжээтэй картан цаас (flash card) дээр бичнэ. Харин цаасныхаа нөгөө талд тохирох асуултыг нь бичнэ. Ийм маягаар цээжлэх шаардлагатай мэдээлэл болгоноо тус тусдаа жижиг цаасан дээр буулган багцлана. Мөн 3 тусдаа хайрцаг бэлдсэн байх шаардлагатай. Ингээд цээжлэх ажилдаа орно.

             Картуудаа аваад асуултыг нь хараад хариулахыг оролД. Хэрэв хариулж чадахгүй бол картын ар тал дахь хариултыг нь сайтар уншаад эхний хайрцагт хийнэ. Харин хариултыг нь мэдэж байвал картаа 2 дахь хайрцагтаа хийнэ. Ийм маягаар бүх картандаа хариулж дуусгана. 1-р хайрцагт хариултыг нь мэдэхгүй картууд, 2-р хайрцагт хариултыг нь мэдэх картууд орсон. Харин одоо 2-р хайрцагнаас картуудаа багцалж аваад дахиад хариулж эхлээрэй. Хариултуудыг мэдэж байгаа картуудаа 3-р хайрцагт, харин хариултыг нь мэдэхгүй картуудын хариултыг анхааралтай уншаад буцаад 1-р хайрцагт хийнэ. Одоо 1-р хайрцагт орсон хариултыг нь мэдэхгүй картуудаа багцалж аваад хариулж эхэл. Хариуг нь мэдэж байвал 2-р хайрцагт, мэдэхгүй бол 1-р хайрцагт хийнэ.  Энэ маягаар 1 болон 2-р хайрцаг хоосрох хүртэл давтан хийхэд картууд дээр бичигдсэн бүх мэдээллийг та цээжилсэн байх болно. Энэ арга ялангуяа гадаад хэл сурч буй хүмүүс шинэ үг цээжлэхэд маш тохиромжтой юм. Картны нэг талд англи үгээ бичээд, ар талд нь орчуулгыг нь бичнэ. Ингээд монгол хэлээр хараад англи үгээ тааж, эсвэл эсрэгээрээ англи үгнийхээ монгол орчуулгыг хэлэх маягаар шинэ үг тогтоох нь тун үр дүнтэй арга.

Нэгэнт цээжилсэн мэдээллийг дахин давтаж цаг үрэхгүй, зөвхөн цээжлэгдээгүй мэдээллийг давтдах замаар тогтоодог нь энэхүү аргыг ийм үр дүнтэй болгодог байна.

Энэ аргыг үзээд үр дүнгээ бусадтайгаа хуваалцаарай.

Таны сурталчилгаа