Цаг үеийн мэдээ

Охидоо бардам өсгө
 
Дахин нэг бүсгүй эр нөхрийнхөө гарт амиа алджээ. Долоо хоног алгасахгүй монгол эмэгтэйчүүд хамгийн хайртай хүнийхээ гарт амиа алдаж байна. Эр, эм хоёр хүйс хоорондоо дайн зарлачихаа юу? Эхнэр, нөхрүүд, амраг хосууд элгэн дороо өс зангидсан энэ яг ямар нийгэм бэ? Шунан дурлаж, сөгдөн гуйж авчихаад халуун амийг нь тасалж, хонгор үрсийг нь яргалах тэд яг ямар эрчүүд вэ? Хэн тэднийг төрүүлж, хэн тэднийг төлөвшүүлнэ вэ? Эмэгтэйчүүдээ чулуугаар шидэж хөнөөдөг лалын дарамтат нийгмээс манайх юугаараа ялгаатай вэ?
 
Асуулт маш их байна. Гэхдээ эцэг эх, охид бүсгүйчүүдээсээ хүсэх нэг л гуйлт байна. Охидоо бардам өсгө. Өөрийгөө хайрладаг болго. Нэг л далайсан гарыг уучлаад өнгөрөөвөл тэр гар дахин заавал далайдаг хуулийг сана. Хөршүүддээ нүд чихээ тавь. Хананы чинь цаана хүний амь бүрэлгэж байхад хацраа дэрлээд унтаж байгаадаа ич. Өвдсөн хүн уйлдаг, ёолдог. Зовиур шаналгаатай хүний хийж чадах ганц зүйл нь орь дуу тавих л байдаг. Тийм чимээг сонссон даруйдаа утсаа ав. Дугаараа цуглуулаад тусламж дууд. Ийм байдал давтагдаж байгаа хаалганы цаад руу ганц удаа ч болов шагай. Гэр бүлийн хүчирхийллийн ард хэрцгий сүрдүүлэг үргэлж байдаг. Хүчирхийлэлд автсан хүнийг айдас нь хүлсэн байдаг тул хэзээ ч үнэнийг хэлэхгүй. Тиймээс ажигла. Аль болох баталж нотлохыг хичээ. Ямар эрчүүдийг бид төрүүлээ вэ? Ямар аавуудыг энэ нийгэм өсгөчихөө вэ? Нэг бол архинд живсэн. Нэг бол авгай хүүхэн сольсон. Нэг бол гар далайж, хараал тавьсан ямар араатнууд дунд бид охидоо өсгөнө вэ?
 
Бардам бай, охид оо. Чамайг нударгаар хүмүүжүүлэх эрх чиний хайртай хүн, ханилсан ханьд чинь байхгүй. Чи хайрыг хүртэх ам тангараг л авсан хүн.
 
Чи хайрнаас хайр ургуулах жам ёсны үүрэгтэй л хүн. Хайрыг амласан уруулаас хараал зүхэл даван гарахыг сонсох эрх чамд байхгүй. Хайрлаж илэх ёстой гараар амийг чинь бүрэлгэх эрх бусад хүнд байхгүй. Битгий өнгөрүүл. Битгий эвлэр. Битгий дасга. Битгий нуу.

Таны сурталчилгаа