Манай улсын иргэдийн хувьд сошиал орчинд хэтэрхий их хандалтай амьдралынхаа ихэнх цагийг сошиал орчинд өнгөрөөх болсон. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр цахим орчинг ашигладаг бол тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цагийг зарцуулж байна. Мэдээлэл технологийн дэвшил ийнхүү цаг тутамд хурдацтайгаар урагшилж буй энэ цаг үед компьютер, утаснаасаа ганцхан товч дараад л хүссэн бараа, үйлчилгээгээ өөр дээрээ авчирч чаддаг болсон. Өдөр тутмын амьдралын хэмнэл ийнхүү цахимжсан нь цаг хугацаа, зардал хэмнэж байгаа ч иргэдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох томоохон орон зай үүсээд байгаа аж. Энэ оны хувьд гэхэд цахимаар залилах гэмт хэрэг 3162 бүртгэгдсэн байна.
Бусдыг залилах хууран мэхлэх хуурамч хаяг үүсгэн бусдаас мөнгө зээлэх, гэмт хэрэг эрс нэмэгдсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд энэ сарын 9-ний өдөр иргэн Т-ээс найз Б-ийн фэйсбүүк чатаас "найздаа 400.000 төгрөг нэг хүнд шилжүүлээд өгнө үү. Орой буцаагаад өгье гэжээ. Гэтэл найз маань фэйсбүүкээ хакердуулсан байсан. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Залилах гэмт хэрэг 2018 онд 2978 бүртгэгдсэн бол 2019 он гарсаар 3162 бүртгэгдээд байгаа юм. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 6.7 хувиар өсчээ. Иймд иргэд та бүхэн их хэмжээний мөнгө бага хүүтэй зээлнэ, дансанд мөнгө шилжүүлснээр азтан болно хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессеж бичихгүй байх, бусдад нууц кодоо алдахаас урьдчилан сэргийлэхийг Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.
.