Хүн зөв зүгээр байж байгаад гэнэт сэтгэл гутралд ордоггүй. Дийлэнхдээ удаан хугацаанд сэтгэл санаа гундуу, тайван бус, удаан хугацаанд хуримтлагдсан стресс, түгшүүртэй байгаа зүйлээ удаан шийдвэрлэж чадахгүй байж байгаад гутралд ордог. Гутралд орсон хүнийг эргэн тойронд байгаа хүмүүс нь огт анзаарахгүй явна гэдэг бараг л боломжгүй. Тухайн хүн гутралд ороод байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааг хэмнэж хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхэд тусалдаг.
Дараах шинж тэмдгээс 5 шинж нь танд таарч 2 долоо хоногийн хугацаа өнгөрсөн бол заавал мэргэжлийн сэтгэцийн эмч юм уу сэтгэл засалчид хандана уу. Сэтгэл гутралд шаардлагатай үед эмэн эмчилгээ төдийгүй сэтгэл заслын эмчилгээнд давхар явж ул үндсийг нь эмчилж байж үр нөлөөтэй байдаг. Сэтгэл гутралыг ул үндсээр нь эмчлэхгүй бол дахих эрсдэл өндөр байдаг юм.
Дараах шинж тэмдэгийг ойр дотныхондоо байгаа эсэхийг анзаараарай:
1. Нийгмээс өөрийгөө тусгаарлах
2. Ярианаас өөрийгөө тусгаарлах
3. Дур сонирхол буурах
4. "Жижиг зүйлүүд" дээр сэтгэлээр унах
5. Идэх дур хүсэл нэмэгдэх юмуу буурах
6. Сэтгэл санаа холдох буюу хөндийрөх
Үүн дээр нэмээд мэдээж амиа егүүтгэх талаар бодох, амьдрал ямарч утгагүй мэт санагдах, ямар ч баяр жаргал мэдрэхгүй байх, ямар ч итгэл найдваргүй юм шиг санагдах гэх мэт орно.
Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул