Дэлхий нийтээр хүүхдийн эрхийг дээдэлж, энэ чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулж байгаа бол манай улс хүүхдийн эрхийг дээд зэргээр зөрчдөг орны жагсаалтыг тэргүүлж яваа билээ. Тэр тусмаа архидан согтуурч үр хүүхдүүдээ зовоох эцэг эхчүүдийн тоо өссөөр байгаа нь харамсалтай.
Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай охиноо дагуулсан гэр бүлийн хоёр биеэ авч явах чадваргүй байна гэсэн дуудлага цагдаагийн албанд иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид тус ресторанд ирэхэд гурван настай бяцхан охин ихэд ядарсан байдалтай ширээ дэрлэн унтаж байв. Харин охины эцэг эх нь бүрэн хяналтгүй болтлоо согтсон байжээ.
Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгчээ.
Рестораны ажилтнуудын хэлж байгаагаар охин ресторанд 20.00 цагаас хойш ширээний ард суун, аав ээжийгээ хүлээсэн байна. Үр хүүхдээ дагуулан байж, нийлж архидсан аав, ээж хоёрыг хүүхэддээ хайхрамжгүй хандсан хэргээр Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгожээ.