Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт 20 өрхийн 54 иргэн /22 хүүхэд, 32 том хүн/ хандаж, дөрвөн хүн хэвтэж, /нэг хүүхэд, гурван том хүн/, нэг хүн эмнэлгээс гарсан. Аравдугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагийн байдлаар эмнэлэгт зургаан том хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэгдээгүй айл өрхийн дэлгэрэнгүй судалгаа, нэгдсэн тайланг гаргаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд танилцуулсан. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрсийг нууцаар оруулж ирж байгаа мэдээлэлтэй холбогдуулан шуурхай штабын бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ахлуулан өчигдөр хуралдаж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан тушаалтнуудыг гэр хорооллын айл өрхүүдэд хуваарилж, хяналт шалгалтаар явуулахаар шийдвэрлэсэн” гэлээ.
Түүнчлэн угаарын хийнээс болж угаартсан, хордсон гэх дуудлага харьцангуй багассан учраас өдөр болгон мэдээлэл хийх хугацааг долоо хоногт хоёр удаа болгож, даваа, пүрэв гарагийн 10:00 цагаас хийж байхаар Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ. Цаашид айл өрхүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг тасралтгүй хүргэж ажиллана гэдгийг холбогдох албаны хүмүүс өгсөн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс