Цаг үеийн мэдээ

    Франц улсын түүхэн дэхь хамгийн залуу ерөнхийлөгчөөр сонгогдсон 39 настай Эммануэль Макроны гэргий Брижит Троньюгийн тухай сонирхолтой баримтыг хүргэж байна.  Нөхрөөсөө 25 насны зөрүүтэй ч содон дурлалын эзэн байж чадсан энэ бүсгүй загварын тал дээр маш мэдрэмжтэй нэгэн юм.

Ашиг орлого өндөртэй амттаны фирмийн өв залгамжлагч

            Брижит 1953 онд зүүн Францын жижгэвтэр Амьен хотод шоколад үйлдвэрлэгч чинээлэг гэр бүлд зургаан хүүхдийн бага охин болон мэндэлжээ. Тэрээр эцгийхээ ашиг орлого өндөртэй амттаны үйлдвэрийн  бизнесийг үргэлжлүүлэхийг хүссэнгүй, франц латин хэлний багш болсон байна.

Брижит 39 настайдаа Макрон хүүг дурлуулжээ

            Брижит 1974 онд 21 настайдаа банкны ажилтан Андрэ Луи Озьертай гэр бүлж болж хоёр охин, нэг хүү төрүүлжээ. 39 настай Брижит багшаар ажиллаж байхдаа жүжгийн дугуйлан удирддаг байв. Маш сайхан биетэй, үеийнхнээсээ залуу стилтэй түүнд тухайн үед 15-тай байсан сурагч Эммануэл Макрон дурлаж, хичээлийн жилийн төгсгөлд сэтгэлээ илчилсэн гэдэг. Багш нь харин Макроныг сурагч гэхээргүй, үе тэнгийнхэнтэйгээ огт адилгүй, онцгой хүүхэд байсан тухай нь дурсчээ.

Нөхрийнхөө улс төрийн илтгэл, яриаг бэлддэг

            Францын зохиолч Анн Фэлдийн “Залуухан төгс эр хүн” номонд Макроны эцэг нь тухайн үед Брижитийг хүүтэйгээ уулзахыг хориглосон төдийгүй хүүгээ 17 хүрмэгц Парис руу IV Генрихийн нэрэмжит элит гимназид илгээсэн аж.  Гэсэн ч тэд захидлаар харилцсаар байсан гэдэг. 2007 онд Брижит анхны нөхрөөсөө салах өргөдлөө өгч Парис руу Макрон дээр ирсэн байна. Парист болсон тэдний хуриманд Брижитийн хоёр охин л байлцсан аж. Хатагтай Брижит нөхрийнхөө карьерыг гэрэлтүүлж, сайн ментор нь болж чадсаны жишээ гэвэл тэрээр Макроны улс төрийн илтгэл, ярианы агуулгыг гаргахад тусалдагаас нь харж болно.

Тэд дундаасаа хүүхэдтэй болох бодолгүй

            Макрон эхнэрийнхээ 7 ач зээг өөрийн юм шиг халамжилдаг аж. “Бид дундаасаа хүүхэдтэй болох бодолгүй, төрсөн хүүхэд, ач зээ надад хэрэггүй” хэмээн Макрон BMFTV-д өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай.  Heavy.com-ийн мэдээлснээр Брижитийн бага охин 30 настай Тифани нь Макроны сонгуулийн штабт хуульчаар ажилласан байна.  Том охин Лоранс нь Макронтай нэг ангид сурч байсан гэх мэдээлэл бий.

Тэр маш мэдрэмжтэй хувцасладаг

            Өөрийнхөө насыг мартсан гэж болохуйц энэ бүсгүй үнэхээр дэгжин хувцасладаг нэгэн. Түүний шүүгээнд тэргүүн хатагтай нарын хүндэтгэлийн хувцаснаас илүүтэй жинсэн өмд, богино юбка зонхилно.

Таны сурталчилгаа