Цаг үеийн мэдээ

            Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Тэгвэл өчигдөр /10/17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ хуулиар хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ оношилгоог үнэ төлбөргүй болгож, аймаг, төвийн дүүргүүдэд эрт илрүүлгийн төхөөрөмж суурилуулахаар болжээ.

            Эхний ээлжид 21 аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж суурилуулж, долоон төрлийн хорт хавдрыг эрт оношлох хууль, эрх зүйн нөхцөл ийнхүү бүрдэж байна. Ингэснээр иргэд бүтэн жилийн турш эрт илрүүлэг оношилгоонд хамрагдах боломжтой болж байгаа юм.

            Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа аж. Эхний ээлжид тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Иргэд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушиг, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох юм. Мөн тодорхой нас заах бөгөөд иргэн тухайн жилдээ үзүүлэх ёстой гэнэ.

            Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцоогоор бүрэн үзлэг оношилгоонд иргэд хамрагдаж чадахгүй байгаа. Тэгвэл хавдрын эрт илрүүлгийг үнэ төлбөргүй болгож, урьдчилан сэргийлэхэд Монголын төр бодлогоо чиглүүлж байгаа энэ аж.

 

Таны сурталчилгаа