Цаг үеийн мэдээ

            Дэлхий нийт даяаршлагдаж буй энэ нийгэм аль нэг орны хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байх чадварыг шаардаж байна.  Уншигч ТА гадаад хэл сурахыг хүссэн ч сургалтын төвд суух цаг зав хомс бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

Сурч буй хэлээрээ өөрийгөө хүрээлүүл

            Долоо хоногт хэдэн цагаар англи хэлний сурах бичиг барьж суухаа боль! Харин тухайн хэл чиний дадал зуршил болтол орчин бүрдүүл. Яаж гэж үү? Тухайн хэл дээр мэдээ унш, сонс. Орчуулгын буюу, хадмал орчуулгатай кино үзэхийн оронд шууд  хэл дээр нь үз. Эхлээд утгачлан ойлгосоор яваандаа зуршил болно. Телевиз, хөгжмийг ч мөн нэг адил. Ялангуяа дуу сонсох их ашигтай. Дагаж дуул, таалагдсан хэсгээ орчуулж үз. Үгийг нь цээжил. Жижиг бичлэгүүд үзэж үг хэллэгүүдийг тухайн сэдэв дотор нь тогтоож явбал их ашигтай байдаг.

Сурсан үг, өгүүлбэрээ бичиж бай

            Гэнэт сайн яриад сурчихна гэж байхгүй. Жаахан ч гэсэн дүрэм үзэхгүй бол бүтэхгүй. Унших нь үгийн баялгийг нэмэгдүүлж, өгүүлбэр дэх үгсийн зөв дараалал, өгүүлбэрийн бүтэц зэрэг наад захын хэлний дүрмийг таниулна. Ингэж олсон чадвар дээрээ үндэслэн өөрөө бичиж бай. Ер нь унших, сонсох, бичих зэрэг нь яриатай хослож байж л хэл сурдаг. Өдөр бүр юу сурснаа бичээд байх хэрэгтэй.

Харилцахаас айж ичиж болохгүй

            Олсон чадвараа практик дээр хэрэгжүүлж үз. Ангийнхан, ажлын газрынхан, найз бүсгүй, эсвэл залуутайгаа тухайн хэлээр ярилцах санал гаргаад үз. Цаадуул чинь дуртай байх бий. Интернет бол үнэ төлбөргүй дадлага хийж болох сайхан боломж, үүнийг сайн ашигла! Мөн хэл болгонд өвөрмөц хүнд авиа, дуудлага байдаг. Асуудалтай байгаа зүйлийг зориулалтын түргэн хэллэг, шүлэг зэргийн тусламжтайгаар засаж болно.

Ганцаараа дадлага хий, өөрөө өөртэйгөө ярь

            Толины өмнө очоод яг одоо юу хийж байгаагаа ярь, дуул. Хэцүү байвал зарим нэг үгийг харчихаад дахиж болно. Хоол хийж байгаа бол хоолны сэдэвтэй үг хэллэгийг санаж үйл хөдлөлөө тайлбарлан хэл. Энэ мэтээр угаалгын өрөөнд ч, унтлагын өрөөнд ч дасгалаа үргэлжлүүлж болно.

Чанга дуугаар унш

            Хэл сурахад чанга дуугарч унших нь хосгүй ач холбогдолтой. Зөв бичлэгтэй, утга төгөлдөр сэдвийг чанга унших нь зөв хэл ямар дуулдаж байгааг танд үзүүлэх сургууль болно. Уншсанаа ойлгож буй эсэхээ шалга. Үг болгоныг орчуулах гээд байх шаардлагагүй. Хамгийн олон тааралдаж буй шинэ үгийг толь бичгээс харж болно. Утгачлан ойлгож сур.

 

 

Таны сурталчилгаа