Тэр яг над шиг, биш ээ би яг түүн шиг. Харах тусам зурган дээрх охины бүх л юм нь надтай их төстэй. Биш ээ би зурган дээрх охинтой төстэй юм байна. Багадаа өнөөх зураг руу заагаад энэ би тийм ээ? гэдэг байснаа бүүр түүрхэн санадаг юм. Тэр зурган дээрх охины хамрыг нь эс тооцвол яг л би харагдана. Минийх аавыгаа дуурайсан унжуу хамар л даа. Бусдаар бол би яг мөн.
Хааяа нэг ээжийн ажил дээр очих завшаан таарвал бөөн баяр болно. Тэр үед хүн бүхэн намайг харчихаад “ээжийн охин биш гээд хэлчих вий гэсэн шиг яасан адилхан юм бэ” гэлцэнэ. Уруулаа улаанаар будаж, өндөр өсгийтийг бошинзтой хослуулсан ээжийнхээ би юутай нь тийм адилхан юм бол оо, гэж гайхдаг байж билээ.
Заримдаа ээжийн багын зургийг хараад би өөрөө хүртэл ямар адилхан юм бэ, гэж дуу алддаг сан. Тэр үед ээж инээмсэглээд
- “Хнн, юу нь адилхан байгаа юм? Шал өөр л байна ш дээ”.
Ээжийг надаар тоглож байгаа гэдгийг мэдсээр байж би улам зөрүүдлэн
- “Адилхан л байгаа биз дээ? Тэр нүд, ам, хацар, уруул, инээж байгаа нь хүртэл яг ижилхэн байна” гэхэд, Ээж:
- “Би чам шиг ийм царай муутай байгаагүй ээ” гэнэ.
Тэгэхээр нь би улам зөрүүдэлж
- “Үгүй ээ, танай ажлын хүн намайг ээжтэйгээ усны дусал шиг адилхан гэж хэлсэн юм чинь! Тэгэхээр би тантай адилхан. Тэгээд бас тантай ижилхэн хөөрхөн гэсэн үг” гэнэ.
Ингээд л би ээжийгээ “мад” тавичихдаг байж билээ. Ээж бид хоёрын дунд хааяахан нэг иймэрхүү хөгжилтэй яриа өрнөнө. Заримдаа ээж намайг цаашлуулахаараа
- “Усны дусал шиг адилхан гэж юу гэж байгаа юм?” Чи тэгвэл устай адилхан юм биш үү? гээд л эхлэнэ шүү дээ.
Айлын бага охин болохоор ээж бас их эрх ээ. Заримдаа бараг наддаа эрхлэнэ гээч. Гэхдээ би ээжийн “рекорд”-ыг эвдсэн юм даг.
- “Ээж ээ, та эмээтэй дандаа хамт унтдаг байсан уу?”
- “Тийм ээ, миний охин”
- Хэд хүртлээ? Аавтай суутлаа юу?
- Арай ч үгүй ээ, арван жилээ төгсөтлөө
- Хэхэ, тэгвэл би таны рекордыг эвчихсэн юм байна ш дээ.
- Күй ер, гайхуулж байх шив, одооноос чи ганцаараа унтаарай!
Маргаашнаас нь би сүрхий ганцаараа унтах хүн болно оо. Би ч ганцаараа унтаж чадна л даа. Харин ээж л...
- Ээж нь охиноосоо энерги авдаг юм байхгүй юу, алив нааш ир. Чамайгаа байхгүйд ганцаараа унтаж чадахгүй шдээ, гээд хошуугаа унжуулж ирээд л намайг гуйж гарна.
Заримдаа ээж надад эрхлээд байна уу, би ээжид эрхлээд байна уу, бүр ойлгохоо болино.
- “Чамайг гэрээсээ яваад өгөхөөр би нэг том бамбарууш өөртөө авна аа. Тэгээд тэрийгээ л дандаа тэвэрч унтаж байхаас” гээд жоохон хүүхэд шиг юм ярина.
Өөрийнхөө зургийг утсан дээрээ дарж суухыг харсан ээж “Чи өвчтэй байхаа?” гэв.
- Яасан?
- Өөрөө өөрийнхөө зургийг л дараад байх юм?
- За тэгвэл тантай хамт авахуулъя, нааш ир
- Үгүй ээ, би муухай гараад байдаг юм. Миний зовхи унжаад онцгүй харагдаж байна, устга устга! - Хөөрхөн л байна ш дээ.
Надад бол ээж минь хамгийн хөөрхөн харагдаж байгаа юм чинь, мэдээж устгахгүй. Тэр үед өөрийнх нь залуу насыг авчихсан цагийн төрхийг охиноосоо хараад тэгж хэлсэн биз. Гэхдээ л ээж минь наддаа хамгийн үзэсгэлэнтэй.
Саяхан “Мартын 8”-наар ээждээ бэлэг барих гээд хамтдаа авахуулсан зургаа хайж үзлээ. Бараг байхгүй шүү. Намайг нялх байхын, харин ээжийн минь залуу байхын зураг бид хоёрт нэг ширхэг ч байсангүй. Аргаа бараад саяхан авахуулсан нэгэн зургаа угаалгаад өглөө. Ээж минь хараад бас л өнөөх хэлдэг үгээ хэлж байна.
- Би муухай гарсан байна
- Үгүй ээ, хөөрхөн...
- Та намайг нялх байхад өөрийгөө залуу байхад зураг авахуулж байхгүй яасан юм?
- Тэр үед юун зураг авахуулах манатай!
Тэгэхэд л би ээжийнхээ залуу насыг авчихсанаа ухаарсан юм. Яг надтай адилхан, биш ээ би яг түүнтэй ижилхэн. Үл ялиг инээмсэглэсэн охины зургийг яг одоо хараад сууж байна. Ийм хөөрхөн охиныг өөрийгөө голдог болтол нь зовоожээ, би. Зовхинд нь суусан үрчлээс, бууралтсан үснийх нь тоогоор ээжийгээ би хичнээн их зовоогоо бол? Залуу насаа надаас тольдох ээж минь одоо миний зургийг хараад л чимээгүйхэн санаа алдан сууна.