АНУ-ын коллежийн сагсанбөмбөг/NCAA/-т тоглож буй Монгол тоглогч Шаравжамцын Энхийн-Од өнөөдөр ээлжит нэгэн тоглолтоо хийлээ. Тэрээр энэ жил Utah Utes багт хүчин зүтгэж буй. Utah Utes баг Queens University Royals багийн эсрэг тоглож, 96-63-ын харьцаатай ялалт байгуулсан юм. Ш.Энхийн-Од буюу Mike Sharavjamts тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдэж 19 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт, тус бүр нэг хаалт болон дамжуулалт өгч, +70 хувьтай довтолсон. Түүний авсан 19 оноо нь түүний карээрын хамгийн өндөр оноо юм.
Ш.Энхийн-Од багаа хүнд хэцүү нөхцөлд ороход шилдэг тоглолтоороо багаа манлайлж, ийн хүчирхэг өрсөлдөгчийг илт давуу оноогоор буулгаж авлаа. Utah Utes багийн ордны тайлбарлагчид Ш.Энхийн-Одын тоглолтын талаар магтаж, сайшаан "Улирлын өмнө үнэхээр шилдэг тоглогч элсүүлжээ" хэмээсэн юм.