Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангиудынхаа орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд хэд хэдэн бүтээлч ажил өрнүүлсний нэг нь Зэвсэгт хүчний 119, 234, 336 дугаар ангиудын байрлалд хатуу хучилттай зам бариулсан явдал байв. БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх 3.4 км замыг Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн барилгачин дайчид өнгөрсөн 4,5 дугаар саруудад шинээр барьсан бөгөөд химичин дайчид шинэ замаа дагасан ногоон байгууламжийг ч байгуулаад байна.  

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам-2024” сургалт дадлагын хүрээнд өнгөрсөн 5 дугаар сард Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн байрлалд 10 метрийн өргөнтэй 22 метрийн урттай автомашины зогсоол бүхий 550 метр замд асфальтан хучилт хийж, бүтээн байгуулалт өрнүүлсэн юм.  

Тэгвэл дээрх хоёр ангийн зам дагасан бүтээн байгуулалт Зэвсэгт хүчний 336 дугаар ангиар ч үргэлжиллээ. Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас Зүүнбаян тосгон хүртэлх 200 метр зайд “Дорноговь АЗЗА” компанитай хамтран хатуу хучилттай асфальтан зам тавьж, дуусгалаа. 

Гурван сарын хугацаанд бүтээн байгуулсан энэхүү зам нь 150 метр шулуун зорчих хэсэг, 7 автомашины зогсоолоос бүрдэх бөгөөд хөдөлгөөн үйлдэж буй тээврийн хэрэгслийг саадгүй зорчих боломжийг олгож, ангийн гаднах өнгө үзэмжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. 

Таны сурталчилгаа