Дэлхийн загварын ертөнц нэг үеэ бодвол хөшгөө арай өргөн цар хүрээтэй нээдэг болжээ. Өмнө нь шинэ загварыг заавал шилмэл төгс бие хаатай бүсгүй өмсөх ёстой гэж үздэг байсан бол өдгөө бүсгүй хүний гоо үзэсгэлэн заавал гоолиг биед цогцолдоггүй гэдгийг мэддэг болсон байна.
Нью Йорк хотноо plus size моделиудын загварын долоо хоног зохиогдоод уламжлал болсон ба дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, том биетэй бүсгүйчүүд нэг дор цугладаг уг арга хэмжээ үзэгчдийн тоогоор Парисын загварын шоутай дүйцэж очдог. Тэгвэл энэ хандлага манайд ч газар авч, “хөвсгөр” бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг олж харах “нүд” нээгдсээр буйн нэг илрэл нь Plus size шоу болох юм.
Уг загварын шоуг “Mirror entertainment” болон “Ганган хөвсгөр” фэйсбүүк группээс санаачилж Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Мөн энэ үдэш үндэсний үйлдвэрлэгчдээс гадна дэлхийн брэндүүдийн том размерын хувцас импортлогчид загварын шоуны нэг хэсгийг бүрдүүлэх аж. Тэгэхээр үдэш загварын шоу үзэхээс гадна зөвхөн өөрт тань зориулж урласан загварлаг сонголтыг тэндээс хийж болох нь.
Шоуг 11 дүгээр саын 10-нд UB palace-т зохион байгуулахаар болж, загвар өмсөх хөвсгөр бүсгүйчүүдээ бүртгэж байгаа аж. Бүртгүүлсэн бүсгүйчүүдээс тодорхой шалгуурын үндсэн дээр шилдэг 30 моделийг шалгаруулан уг шоунд оролцуулах юм байна.