Бүсгүйчүүд бидний "дотны нөхөр" шилэн триконы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 1939 оны 10 дугаар сарын 24-ны энэ өдөр Du pont компанид ажилладаг Wallace Hume Carothers хэмээх химич залуугийн бүтээсэн нейлонон оймс худалдаанд гарсан түүхтэй. АНУ-ын Делавер мужийн Вилмингтон дахь нэгэн их дэлгүүрт татуургатай шилэн оймсыг анх худалдаалж гарсан өдрөө л 4 сая хос трико борлуулсан бна. Энэ шинэ бүтээгдэхүүн нь худалдан авагч эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ шуугиан тарьж, жинхэнэ хуйлрааныг бий болгожээ. Учир нь хөвөн даавуун, торгон оймс трико л өмсөж бсан бүсгүйчүүдэд нейлон оймс бүтээсэн гэсэн мэдээ удаан хүлээлт үүсгэсэн байв. Энэ бол телефон, машин бүтээсэнтэй адил нээлт. Энэ трико шинэ зууны эмэгтэйчүүдийн дуртай хувцас байх болно гэж тус компанийнхан хэлсэн нь үнэнээс нэг их зөрөөгүй юм.
1939 онд Нью-Йоркод болсон нейлонон оймсны нээлтийн ажиллагааг зохион байгуулагч DuPont компанийхан “ирээдүйн хувцасны чиг хандлагад хувьсгал хийсэн бүтээгдэхүүн” гэж нэрлэж байжээ. Урьд нь татуургатай урт оймсыг байгалийн гаралтай цэвэр торгоор үйлдвэрлэж байсантай холбоотойгоор уг компанийхан нейлонон оймсныхоо сурталчилгаагаар: “Нейлонон оймсын оронд торгон оймс сонгох нь автомашины оронд мориор явахыг илүүд үзэхтэй ижилхэн хэрэг” хэмээн тайлбарлаж байв.
Шилэн оймсыг худалдан авч чадсан зарим азтай бүсгүйчүүд шууд л гудамжинд өмсдөг байжээ.
Эхний өдөртөө л Нью-Йоркод 780 мянган ширхэг шилэн оймс зарагдсан бол, 1940 оны төгсгөл гэхэд 3 сая хос шилэн оймс зарагдсан төдийгүй хэрэглэгчдийн эрэлт улам ихэсч байв.
Дэлхийн Хоёрдугаар Дайнтай холбоотойгоор шилэн оймснуудыг шүхэрний үйлдвэрүүд болон цэргийн бусад хувцас өмсгөлийн үйлдвэрүүд рүү илгээх болсон юм. Ингээд нейлонон оймснууд жинхэнэ ховор бараа болсон байна. Гэвч эмэгтэйчүүдийн моданд дурлах хүсэл нь тэр цаг үеийн хүнд хэцүү нөхцөл байдлаас илүү байсан нь яваандаа хөлөн дээрээ шилэн оймс өмссөн мэт хуурамчаар будалт хийх явдлыг дэлгэрүүлэхэд хүргэсэн байна.
1941 оны үед бүсгүйчүүд гэнэт баярын оройн зоогт оролцох шаардлагатай болвол коктейльний даашинзныхаа доор шилэн оймс өмсөх хэрэг гарвал тэд лакны тусламжтайгаар хөлөө будуулж, харандаагаар өнөөх алдартай ар талын тэгш зураасыг зуруулдаг байжээ. Энэ байдлаас шалтгаалан шилэн оймс өмссөн мэт харагдуулдаг будагнуудыг бүүр үйлдвэрлэлийн хэмжээнд бүтээдэг болжээ.