Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэдгийг салбарын сайд хэллээ. Шинээр боловсруулсан хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, инновацыг хөгжүүлэх, үрийн худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих харилцааг зохицуулна гэж Засгийн газар үзжээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 26 сортын үрээр тариалж байгаагаас 5-6 сортын үрээр түлхүү тариалж байна. Шинэ сортын үрээр тариалаад дээд тал нь таван жил болсны дараа үрээ сольж, шинэчлэх зохицуулалттай байдаг. Мөн тариалан эрхлэгчдийг дэмжих сан улсын төсвийн хөрөнгөөр жил бүр, аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжоор үрийн шинэчлэлт хийдэг байна.
Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.