Цаг үеийн мэдээ

            УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцүүлэг хийжээ. Уг хуулийн төсөлд өндөр насны тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр заасан байна.

            1991 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн Тэтгэврийн хуулиар төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн, улсад 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн эмэгтэйд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоожээ. Мөн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй, 27-оос дээш жил ажилласан эмэгтэйг нас харгалзахгүйгээр, 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна. Дээрх хуулийн зохицуулалтаар 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгожээ.

            Улмаар 1997 оны нэгдүгээр сарын 16-ны УИХ-ын “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 44.4 мянган иргэний тэтгэврийг түдгэлзүүлж, нөхөн олговор олгох болжээ. Дээрх иргэдээс 17 мянга нь буюу 80.2 хувь нь улсын дундаж буюу 374.8 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа юм.

Эдийн засаг сэргэж байгаа энэ үед иргэдийн амьжиргааг дээшлүүлэх алхам хийх нь зөв гэдгийг зарим гишүүд хэлсэн байна. Хуулийн төслийг гишүүдийн 64.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлжээ.

 

 

Таны сурталчилгаа