Цаг үеийн мэдээ

ДОНРОВЫН НАМДАГ

Ардын жүжигчин Лоовой гуай ярьж билээ.
Жүжгийн сургуулилт завсарлаж байтал Намдаг гуай ороод ирлээ гэнэ. Тэгснээ хэдэн ахмад жүжигчдийн дунд сууж дугуй хайрцагтай тамхиа гаргаж ороонгоо:
Хөдөө суух боллоо, Өвөрхангай явна. Төдөн үнээ авна, энээ тэрээ гээд л баахан юм ярьжээ. Жүжигчид зарим нь зүйтэй гэж, зарим нь шал дэмий гээд маргалдаж гарчээ. Тэднийг бүтэн цаг маргалдаж, сүүлдээ бараг хэрэлдэх шахахад мань эр инээмсэглээд л сууж байснаа нэг мэдэхэд алга болчихсон байсан нь хожим мэдэхнээ хөдөө суух гэж байгаа сэхээтний тухай зохиол нь гацчихаад түүнийгээ гаргах санаатай явсан юмсанж. Жүжигчдийн маргаан дундаас хэрэгтэй юмаа олж аваад л цаг алдалгүй буцжээ.

"Дутуу хөрөг буюу Зохиолчдын паян" номоос

* * *
МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖ
"Хананд үлдсэн бичээс"

Зохиолч Мишигийн Цэдэндорж сүүлчийн эхнэр Лхагважав-тайгаа их л эвсэг найртай амьдарч байсан санагдана. Хоёр биендээ эрхэлж л байдаг сан. Хэн хэнээ "гоо-гоо" гэж дуудна.
-За юу "гоо-гоо"?
-Тийм ээ, "гоо-гоо"?
Тэднийд хэдэн хором суугаад гарахад шувуу чуулсан нууранд нугас галуу нургиж байгаа юм шиг л сонсголд зөөлөн, сэтгэлд дулаан байдаг сан. Энэ хоёр идэрхэн хүний эрт үхэл надад яагаад ч юм бэ, мөхөл шиг бус, айл гэр болон тоглож байсан хоёр хүүхдийг харгис нэгэн бээр шилбүүрдэн хөөж тараасан мэт санагдана.
Цэдэндорж галынхаа өрөөний хананд хөмсөгний будгаар бичиж үлдээсэн "Наддаа чи нар, гэртээ чи гэгээ" гэсэн үгийг дараачийн айл байрны засвар хийхдээ арилгаж чадаагүй гэнэ билээ.

"Атга чулуу" номоос Жагдалын Лхагва

Таны сурталчилгаа