Үргэлжлэл:
- Монголчуудыг цусаа үзэхээр улайрдаг гэдэг. Тэр утгаар нь Үхэр монгол ч гэж нэрлэх нь бас бий шүү. Та энэ талаар юу гэж бодож байна?
Үнэн үнэн. Үнэхээр бидэнд нэг тийм онцлог хэв шинж байж. Юув гэхээр монгол хүн барагтай юманд хөдөлдөггүй, тэсвэртэй, хүлээцтэй ч юм шиг, эсвэл алмай тэнэг, хэнэггүй ч юм шиг байгаад л байдаг, тэгээд асуудал бүр эцэстээ очиж, үхэх сэхэхдээ тулахаар буюу цусаа үзэхээр л гэнэтхэн сүйд болоод босоод ирдэг. Тэгээд нэг босчихоороо дийлдэхээргүй догширч улайрчихдаг байна. Яг л монгол үхэр шигээ. “Сүх далайтал үхэр амар” гэдэг үг зүгээр нэг гарчихаагүй. Мал нядлагч сүхээ далайтал үхэр амар тайван л байж байдаг. Хэрвээ эхний цохилтоор нам л цохиж чадаагүй бол монгол үхэр орилоод, улайраад сүйд хийгээд хаячихдаг юм. Бүр хүчрэгдэхгүй болчихно. Монгол хүн ч мөн адил. Энэ нэг талаар хэнэггүй, алмай тэнэг мэт ч нөгөө талаар бас тийм ч муу шинж биш юм аа. Өөрөөр хэлбэл нэг шийдээд хөдөлбөл тэднийг юу ч, үхэл ч зогсоож чаддаггүй тийм онцлог чанартай байна. Их гүрний үед дэлхий даяар монгол дайчдыг хаана ч хэн ч зогсоож чадахгүй бүтэн жаран болсон. Харин хөдөлтлөө л их юм болдог болохоос. Муугаар бол алмай тэнэгийнх, сайнаар бол хүлээцтэй амгалан, итгэмтгийнх юм. Аль аль нь бий.
Монголчуудтай худалдаа наймаа хийж байсан доншуур наймаачид бидний энэ нэг нийтлэг төлөв байдлыг нь анзаарч, “Хай, монголчууд үхэртэйгээ адилхан ва, үхэр монгол ва” гэсэн юм гэнэ билээ. Хууччуул тэгэж ярьдаг байв.
Харин одоо бол энэ хүлээцтэй, амгалан байдал өөрчлөгдсөн. Маш агдуу, түргэн зантай, юм болоогүй байхад л шалчигнаад шарваганаад унадаг, дав дув хийсэн далчигнуур болж өөрчлөгдөж байгаа. Тэгээд нэг их омог сүр болох атлаа яг аминд нь тулаад ирэх үед хий нь гарсан гүзээ шиг шалчийгаад ирдэг болсон. Өөрөөр хэлбэл тэр унаган монгол шинжээ их алдсан.
- Монголчуудыг бас гэнэн итгэмтгий, түүгээрээ хүүхэд шиг тэнэг ч гэдэг...?
Хар буруу санаагүй, бусдыг хуурч мэхэлж мэдэхгүй хүмүүс л гэнэн, итгэмтгий байдаг юм шүү дээ. Хүүхэд яагаад гэнэхэн байдаг гэхээр хүн хуурч, хар буруу санаа суугаагүй байгаа хэрэг. Монголчуудад тийм язгуурын бусдыг хуурч, хар буруу санаж чаддаггүй сайн шинж байсан болоод л тэгэж хэлээд байгаа хэрэг. Энэ чинь тийм ч муу юм биш. Яахав, ухаан дутахаар гэнэн нь тэнэг болдог, ухаантайгаа, эр зоригтойгоо, авьяас чадвартайгаа хослохоор гэнэн нь яруу сайхан сэтгэл татам дүр төрхийг бий болгодог. Цахиур Төмөрт яагаад эр эмгүй сэтгэл татагдаад байдаг нь энэ шүү дээ. Тэр бас л гэнэн итгэмтгий, тиймээс л Түгжилд хутгалуулдаг, бас хожим алуулдаг.
“Тунгалаг Тамир” романы Эрдэнийн дүр бол ер нь монголчуудад их нийтлэг байсан хэв шинж шүү дээ. Эрдэнэ бусдад хар муу санаж чаддаггүй, Итгэлтийг өөр шигээ л боддог учир түүнд дандаа маллуулж байдаг. Эрдэнэ гэнэн итгэмтгий учир Долгорын ганц үг түүнд яг л ертөнц хөмөрчихөж буй мэт болоод, эвэрлүүгээ дэлсүүлсэн үхэр шиг тэнээд явчихдаг шүү дээ. Гэхдээ Эрдэнийг тэнэг, ухаан муутай хүн гэх үү? Үгүй, Эрдэнэ ухаалаг, эргэцүүлэн бодох чадвартэй, шударга шулуухан зантай. Бас амьдрах чадвартай, эр зоригтой, арга самбаатай, хөдөлмөрч. Гэхдээ л Итгэлтэд маллуулаад байдаг.
- Итгэлт ч бас монгол хүн шүү дээ. Гэтэл тэр шуналтай, дотуур тамиртай, эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьдаг, бүхнийг зөвхөн зоосны нүхээр хардаг...
Тийм, Итгэлт монгол хүн. Бид бүхэл бүтэн ард түмний тухайд ярьж байгаа учраас тэдэн дотор Цахиур Төмөр шиг нь ч, Дулмаа, Эрдэнэ, Итгэлт шиг нь ч, Бадарч, Галсан, бүр Түгшил шиг хог нь ч бий. Гэхдээ аль шинж нь нийтлэг байсан тухай ярилцаж байгаа шүү дээ.
Чухам Эрдэнэ, Ням өвгөн, Галсан шиг гэнэн итгэмтгий хүмүүс нь олонх учраас л Итгэлт шиг цөөнхүүд тэгэж баяжиж чадаад байсан хэрэг. Гэхдээ Эрдэнэ, Ням, Галсан нар гурвуулаа гэнэн итгэмтгий боловч мөн өөр өөр түвшний гэнэн чанартай, Эрдэнийг дээр хэлсэн, Ням өвгөн бол хүч зориг мөхөсдүү, тэрүүхэндээ өөрийгөө под хийтэл болгоод, довоо шарлуулчих төдий, гэвч орчлон хорвоогийн явдлыг аль хэдийнээ бас дотроо хөөрхөн тунгаачихдаг, буяныг санах сэтгэл нь илүү талдаа. Мал нийгэмчлэхэд хувьдаа малтай байж үзээгүй Нямынх хэдэн үхэртэй болоод, тогоо хүртэл тавьж үздэг. Тэгээд “Ээ, Ардын төрийн минь буян” гэх атлаа бас давхар “Итгэлтийн ч буян бас бий дээ” гэж суудаг. Харин Галсан бол жинхэнэ утгаараа гэнэн тэнэг нь.
Ер нь “Тунгалаг Тамир” роман бол монгол ертөнцийг нэвт шувт тольдсон манай үндэсний шинжтэй сор туурвил. Яахав, цаг зүгийн үзэл суртал романд хавчуулагдсан ч тэр нь түүний уран сайхны ур чадварыг бүхэлд нь далдалж, үгүйсгэж чадахгүй.
- Монголчуудыг бас их ичимхий гэдэг... ?
“Цэвэр ичимхий монгол бүсгүй еэ” гээд бид дуулдаг байх аа. Энэ цэвэр ичимхий гэдэг чинь уг нь их сайхан, ер бусын цэвэр тунгалаг дотоод ертөнцтэйг илэрхийлнэ. Сэтгэл, хайр өөрийн эрхгүй татдаг нь тэр дотоод ертөнцөд нь байгаа юм. Монгол хүний бас нэг унаган чанар байжээ. Ичимхий байна гэдэг нь тэнэг, гэнэн байна гэсэн үг биш, харин мөн чанартай, ёс зүйн язгуур өгөгдөлтэй байгаа гэсэн үг. Хэзээ ичихээ байна, тэр цагт хүн алга болно. “Ичих нүүрэндээ илгэ наасан” гэдэг нь ичиж айхыг байгаад хүн ёсоо мартаад, цайчихсан, улайчихсан хүнийг хэлдэг.
- Одоо бол залуус, ялангуяа хүүхдүүд ичих нь их бага, харин ч илүү нээлттэй, ил тод болоод байгаа. Үүнийг хүн ёсоо мартаад байгаа гэж ойлгох уу?
За, нээлттэй байх ичих нүүрэндээ илгэ наах хоёр чинь нэг зүйл биш, их ялгаатай. Хэдий нээлттэй, чөлөөтэй ч болж бүтэхгүй, ёс бус зүйлд ичиж, эмээж, гэмшиж байгаа л бол ичих нүүртэйгээ байгаа хэрэг.
Цаг үеэ дагаад залуус, ялангуяа хүүхэд багачууд маань нээлттэй ил тод харилцдаг болсныг хүн ёсоо мартчихлаа гэж хэлж болохгүй. Харин ч хөгжил дэвшил.
- Монголчуудыг их эмзэг сул гентэй, дархлаа муу, бусад үндэстэнтэй хольцолдохоор амархан уусаад алга болчихдог гэдэг?.
Зарим ген нь амархан уусаж мөхдөг, зарим нь удаан тэсдэг, тэсээд зогсохгүй хавьтсан ойртсоноо дарангуйлан өөрийнх болгож байдгыг, ерөөсөө ч тийм үзэгдэл байдаг эсэхийг, эсвэл энэ нь генийнх бус соёлтой холбоотой ч байж болохыг эрх биш судлаачид судалж байдаг байх аа.
Гэхдээ бодит байдал дээр бол яах ч аргагүй монгол ген их эмзэг хялбархан алга болчихдог мэт анзаарагддаг. Их гүрний үед дундад Ази, умард Хятад, бүр Ойрхи Дорнод, Дорнод Орос даяар монголчууд цацагдсан. Ихэнх нь одоо зүс царай, хэл яриа сураггүй, заримаас нь нэр ч үлдсэнгүй. Зөвхөн хөх толбо буюу Ор мэнгэ л нэг бүдэг бадаг үлдэж байна. Хэдэн жилийн өмнө Энэтхэгт нэг лал шүтлэгт пакистан залуутай танилцсан. Дэлгүүрээс найз охиндоо сари авч өгөөд, хойт, урд хормойноос нь угзраад юм хэлээд байхаар нь сонирхож асуусан. Алт мөнгө, хоол унд арвин болтугай гэж ерөөж байгаа, заншил гэнэ. Хонь хурга, унага даага гэдгээрээ л ялгаатай болохоос манайхтай адил. Гэтэл тэд 1947 онд Энэтхэг задарч, лалын шашинт Пакистан улс байгуулагдахад тийш гарсан Энэтхэгийн эзэн захирагч явсан Моголуудын удам гэнэ. Тэр залуугийн зүс царай, явдал гишгээнээс монгол гэх үнэр ч алга. Гагцхүү тэр нэг ёс заншил нь тэсэж үлдсэн байна. Мэдээж хэрэг унага даага, хонь хурга байхгүй болсон тул оронд нь алт мөнгө, хоол унд ерөөдөг болсон хэрэг.
Эрхбиш Халимаг, Дээд Монголчууд, Буриад, Уулын Алтайн, Өвөрлөгчид, Алшаа, Баянгол, Бор талын гээд энд тэнд хэсэг бусаг газарт монголчууд нэг юм тэсээд байна. Тэд чинь саяхан болтол монголтойгоо цуг байсан учраас үлдсэн хэрэг. Тасарсан хэсэг нь тэр чигтээ уусчихсан. Хүлэгийн улсад нэн их жин нөлөөтэй явсан Жалайрууд сураггүй, Төмөрийн Барлусууд ч сураггүй, Астрахан, Крым, Энэтхэг, Дундад Азийн Стануудад байсан нь ч нэр төдий. Тэгэхээр нээрээ эмзэг хэврэгхэн ч юм уу даа гэмээр.
Хэрвээ үнэхээр л монгол ген амархан уусчихдаг эмзэг байгаа юм бол тэр чинь муу шинж биш юм шүү дээ. Сүүдрээ хүртэл тусгахад гэмтдэг гэгдэх ариун нандин Вансэмбэрүү цэцэг уулын тагтад нэн бэрх газар ховорхон ургадаг бол хогийн ургамал яаж ч устгасан, ад үзсэн хаа сайгүй сагсайж байдаг.
Бидний ген эмзэг байгаа нь үнэн бол ариунаар нь хадгалан, нандигнан явах ёстой гэсэн үг ээ дээ. Муу биш, харин ч сайн үзүүлэлт биш үү? Нөгөө талаар яах ч аргагүй бид хэт цөөхөн учраас энэ тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй гэдгээ мэддэг, тэгээд түүнээ энэ мэтээр илэрхийлдэг ч байж болно. Хэрвээ бид 100 саяулаа байсан бол хэзээ ч ийм яриа гарахгүй.
- Та ямар ч тохиолдолд монголоо өмөөрч, ямар ч сөрөг агуулгыг эерэг болгож байна шүү?
Би монгол хүн учраас монголоо өмөөрөхөөс өөр яах вэ? Ингэхэд биднийг хятад нь, орос нь, япон нь сэтгэлийнхээ мухраас өмөөрөх үү? Гэхдээ өмөөрөхөд учир бас бий. Муу муухайг нь ч харахыг хүсдэггүй, бүхэнд өмөөрч байж хүүхдээ эрхийн балай болгочихдог шиг бүхэнд өмөөрч, цээжээ дэлдэх нь хийрхэл. Энэ цаг үед монголчуудын муу муухайг л ихэвчлэн ярьж, муучилах хэтэрхий болсон тул бид сайн сайхан талыг нь ярихаас аргагүй байна. Ер нь үндэстнийхээ сайн сайхныг ярихийн муу нь юу байх билээ. Хүүхдийг хүртэл дандаа муучилж дооршаагаад байвал өөртөө итгэлгүй болж өсөж хүмүүждэг шүү дээ.
- “Монгол хүн 60 хүрч ухаан ороод, 61-тэйдээ хорвоог орхидог” гэсэн нэг ёж үг байдаг...? Энэ цагийн аясыг хараад байхад үнэн ч юм уу гэмээр, үнэхээр л гудамжинд, замд, алив үйлчилгээнд бидний харилцаанд ихээхэн доголдол байна. Маш их ууртай, хэрүүлч, юм болоогүй байхад л өрвөлзөөд эхэлнэ. Ихэнхдээ өөрийнхөөг зөв гэж дайрна. Дээр нь их бэртэгчин, хувиа хичээсэн, би л болж байвал, тэнгэр нуртал яав л гэж гэсэн хандлага давамгайлдаг. Бид тийм хожуу ухаан ордог, сэтгэлгээний хувьд дутагдалтай үндэстэн үү? Аль эсвэл... өөр учир шалтгаан байна уу?
Угаасаа л монгол хүн тийм бүдүүлэг, мулгуу талдаа, тэгээд үхэхийнхээ өмнө нэг сэхээрдэг, гэвч хожимдсон байдаг гэсэн ойлголт юм, наадах чинь.
Гэхдээ монголчууд түүхийнхээ бүхий л явцад дандаа яг ийм муу ааш араншинтай байсан уу, гэвэл үгүй. Үнэхээр л тийм байсан юм бол яагаад тэр Төвөд, Уйгурууд дундад зуунд Монгол хүнийг хүний дээд гэж үзэж байсан юм бэ? Бүр хэдэн зууны туршид шүү дээ. Яагаад монголчууд өөрсдийнхөө өв соёлд энэ дурдсан муу шинжүүдэд нэн таагүй хандаж, “Монгол хүн байна даа, арай ч дээ” гэж гайхаж, цочиж явсан юм бэ? Яагаад Монголчуудын тухай бичиж үлдээсэн аялагчдын тэмдэглэлд эсрэгээрээ байна вэ? Бүр “Монголчуудыг хоорондоо маргалдаж, хэрэлдэж байхыг харсангүй, тэр бүү хэл дуугаа ч өндөрсгөдөггүй” гэсэн нь бий. Энэ мэт тэмдэглэлийг монголд хайртай хүмүүс биш, тагнуул туршуулууд голдуу бичсэн байдаг.
Монголчууд угаасаа тийм болхи муу үндэстэн байсан юм бол яагаад түүхэндээ хэд хэдэн сүпэр эзэнт гүрнийг бүтээж, хүн төрөлхтний түүхийг өөрчилж чадаад байсан юм бэ? Дэлхийн эзэн хаад, захирагчид болоод байсан хэрэг вэ? Болхи бүдүүлэгчүүд хэзээ ч сүпэр эзэнт гүрнийг бүтээж чадахгүй дээ.
Гэвч үнэхээр л чиний хэлээд буй муу шинжүүд өнөө цагт илэрхий, үгүйсгэх аргагүй байгаа нь үнэн. Яагаад тэр вэ гэж бид өөрсдөөсөө тэр бүр асуудаг билүү? Өвддөг, зовдог, урууддаг, сэхдэг хувь хүнтэй л адил ард түмэн гэдэг чинь бас уруудан доройтдог, ядарч туйлддаг, бүр мөхөж түүхийн тавцангаас арчигддаг ч хувь тавилантай. Дандаа ялаад мандаад байдаг юм байхгүй. Хамгийн урт удаан оршин тогтносон эзэнт гүрэн Ром, гэвч өнөө түүнээс зөвхөн дурсамж л үлдсэн. Улс гүрнүүдийн мөхөл сэхлийн үзэгдэх өнгөнд эд баялаг, эр цэрэг, техник технологи, бүтэц тогтолцоо, төр ёс харагддаг ч цаад мөн чанарт нь хүний хөгжил л байдаг. Хүчирхэг иргэдтэй бол хөгждөг, ёс зүйгүй, хувиа бодсон, бүдүүлэг мунхаглал газар авсан бол сүйрдэг. Тийм л жамтай. Айхтар онолсоод байх юм үгүй.
Манай ард түмэн ч тэр жамаас гажаагүй, сэхэхдээ сэхэж, уруудахдаа уруудаж яваа. Бид уруудаад, доройтоод, бүр мөхөх үү, үгүй юу гэдэг дээрээ тулсан үе саяхных, яг 100 жилийн өмнө. Соц 70 жилд жаахан сэргэсэн, гол нь жаахан ч болов газар нутаг дээрээ тусгаар тогтнолтой болоод авсан. Гэвч баттай сайн сэргэж чадаагүй л явна. Эргээд сөхөрчих гээд байгаа тал байна.
Энэ цаг үед яагаад монгол хүмүүст тийм муу шинжүүд хүчтэй анзаарагдаад байгаа вэ гэхээр, нэгдүгээрт, түүхэн хоцрогдлын сүүдэр гүйцэд арилаагүй байна, хоёрт, цаг үеийн нөлөө байна. Би өмнө хэлсэн дээ, энэ цаг үе монголчуудыг их эвдэж байна гэж... Үнэхээр л их эвдэгдсэн. Яах аргагүй хувиа л бод, материаллаг баялаг л бүтээх нь хүний нийгмийн хөгжлийн зорилго гэсэн хэт болхи бүдүүлэг материалист үзэл рүү гулсаж, оюун суртхууныхаа нандин юмаас холдож хөндийрсөн. Мунхаглал газар авсан. Гуравт, угаасаа энэ суурьшил гэдэг юм чинь нүүдэлч монголчуудын язгууртай харшлаад, хямрал үүсгээд байна уу даа гэж надад бодогдоод байгаа. Чамд тааламжгүй орчинд чамайг удаан байлгавал чи өөрийн эрхгүй л бухимдаад, стрессдээд эхэлнэ. Түүнтэй чинь адилхан. Энэ сууриншилд дасаж, уугуулшиж, урбан соёл бэхжих болтол тодорхой цаг хугацаа хэрэгтэй ч бас давагдашгүй мэт хүчин зүйл ч бий. Хоёр соёл зэрэгцэн оршиж, нийлэгших үйл явц өрнөж байна. Энэ үйл явцын дүнд уламжлалт соёл нь их хэмжээгээр эвдэгдсэн, мартагдан үгүйсгэгдсэн, гэтэл шинэ соёлын зүйлсийг хэвшүүлж, хуучнаа орчин үежүүлж, шингээж авч чадаагүй байдал, түүнээс үүдсэн хямрал, соёлгүйжилтийн хоосон орон зай бий болсон. Яахав, нэг үеэ бодвол харьцангуй орчин үежсэн, соёлжсон үеийнхэн гарч ирж байгаа, гэвч тийм ч хангалттай бус байна. Цаг хугацаа хэрэгтэй байх л даа. Гэхдээ орчин үеийнхэнд үндэсний гэх шинж хэр байгаа вэ гэдгийг бас бодолцох, анхаарах л ёстой.
За тэгэхээр өнөөх “Монгол хүн 60 хүртлээ тэнэг байдаг” гэдэг нь хоцрогдол, цаг үеийн хямрал, соёлын зөрчил болохоос угаасаа монгол хүн тийм муу муухай араншинтай, соёлждоггүй болхи бүдүүлэг, бусад үндэстнүүдээс угаасаа л муу, тэнэг гэж би л бодохгүй байна. Уг нь монголчууд чинь тун сайхан ёс зүй, уламжлалтай ард түмэн. Харин ч энэ үгийг эерэгээр нь ойлгож, тайлбарлах боломжтой.
- Тэгвэл энэ үг яагаад ийм нийтлэг түгээмэл яригддаг юм бол?
Ер нь монголчууд бидэнд зориудаар зохиогоод өгчихсөн, бүр итгүүлчихсэн зүйлс мэр сэр бий шүү. Тэдний л нэг нь. Үндэстэн өөрсдийгөө муучлаад, хараагаад л эхэлбэл уруудаж доройтоод ирдэг нь хууль. Тэр дундаа манайх шиг билгэдэлд ихээхэн хамааралтай, анхаардаг улсад бүр ч их нөлөөтэй. Алдаа дутагдал бол бидэнд байгаа, түүнээ ил тод ярилцаж, шүүмжлэн хэлэлцэж, засаж залруулах ёстой, ядахдаа эрмэлзэх хэрэгтэй байх. Харин “Өө, та нар засрахгүй, угаасаа тийм хогийн новшнууд гэдгээ мэдэж авцгаа” гэж буй бол тэр чинь хараал зүхэл, гадуурхал, муучлал. Их ялгаатай ойлголтууд.
- Бидэнд зориуд зохиогоод өгчихсөн, итгүүлчихсэн өөр ямар зүйлс байна вэ?
Одоо Халхын хангуудын тухай нэг домог шиг зүйл байдаг даа. Манжийн хаан Халхын хангуудын өмнүүр эмээл, хазаараа хөглөрүүлсэн морь гаргаж сорьж гэнэ. Тэгтэл Засагт хан нь засаад, Түшээт хан нь түшээд өнгөрөөж, Сэцэн хан нь эмээлийг нь авч, дотроос нь юм аваад, дахин эмээллээд явуулж гэнэ, тиймээс зассаныг нь Засагт хан, түшсэнийг нь Түшээт хан, эмээлийг авч янзалсныг нь Сэцэн хан гэх мэтээр нэрлэж гэнэ гээд...
- Тийм домог байдаг. Гэхдээ энэ яагаад зохиомол болох вэ?
Нэгд халхын хангуудын үүсэл аль Түмэнзасагт ханы үе буюу 1500-аад оны дунд үеэс эхлэлтэй. Тэр үед юун манжууд байхав... Түүнээс бараг зуун тавин жилийн дараа Манж түүхийн тавцан дээр гарч ирсэн.
Хоёрт, нэрлэсэн нэрийн талаар гэвэл Гэрсэнз жалайр хунтайжийн ахмад хөвүүн Ашихай дарханы хүү Баяндарь хунтайжийн үед буюу 1580-аад оны төгсгөлөөр Засагт хан гэдэг нэр анхлан гарч ирсэн байдаг. Харин түүнээс дариу 100 гаруй жилийн дараа 1691 онд Халх нь манжид дагаар орж байв. Ер Халх дотроо Засагт ханууд зонхилогч байр суурьтай, Халх-Ойрдын чуулганд дээгүүр суудалтай, Тарвагатайн Улаан бураад болсон чуулганыг ч Засагт хан Субадай тэргүүлж байжээ. Ер нь Халхын анхны долоон хошууны 4 нь Засагт ханд харьяалагдаж байв.
Галдан бошигттой ойр байж, холбоолсон учир, бас Засагт ханыг тойрч бүлэглэл үүсэх магадлалтай учир манж нар Засагт ханыг эрх чадамжийг буулгаж, газар нутгийг нь ч багасгасан. 1911 онд Тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн өрнөхөд зарим ноёдын зүгээс Чингисийн угсааныхнаар Төрийн тэргүүн тавина гэсэн санал гаргаж, тэр үеийн Засагт хан Содномравданд хаан болох санал тавьж байсан байдаг. Мэдээж хэрэг мөн тухайн үед халхын хангууд дотроо нэр нөлөөгөөр ч, насаар ч илүү нь Содномравдан байж. Харамсалтай нь Содномравдан хан Богд хаант Монгол Улс байгуулагдсанаас хойш хэдхэн сарын дараа хамгийн түрүүнд хорлогдсон.
Энэ бүхнээс эргэцүүлэхээр Засагт хан нь засаглах, Түшээт хан түших, Сэцэн хан зөвлөх, сэцлэх учиртай анхлан үүссэн юм биш байгаа гэсэн таамнал надад төрдөг. Үүнийг манай судлаачид эрх биш судалж байдаг байх.
Харин дээрх домогт бол Засагт хан, Түшээт хан нар мулгуу, юмны учир ойлгодоггүй дүртэй гарч байгаа. Сэцэн хан л жаахан сүйхээ гаргаснаас биш ерөөсөө гурвуулаа адилхан. Уг домгийн өгүүлэмжид Халхууд та нар бол бидний дохио зангаа дор байх ёстой номхон хүлцэнгүй албатууд юм шүү гэсэн утга маш тод байгаа. Ийм домгийг бид өөрсдөө зохиох гэж үү?. Энэ манж нараас бидэнд зориулан зориуд зохиож өгсөн “Та нар бол хэн ч биш юм шүү, бидний албатууд шүү” гэсэн ёж, давхар утгатай домог, түүнээ ч итгүүлчихсэн, бид одоо хүртэл итгэсэн хэвээр, ном бичиг, тэр бүү хэл ЕБС-ийн хичээлээс гадуур унших номдоо хүртэл оруулчихсан явна.
- Нээрээ тийм бол нэн харамсалтай хэрэг юм.
Оросууд бидэнд манай түүхийг зохиож өгсөн тухай их ярьдаг, шүүмжилдэг. Тухайн үеийн үзэл суртлын хашаандаа тааруулж, манай түүхийг үнэхээр гуйвуулсан, гажуудуулсан юмс бий. Гэхдээ бүгдийг нь биш, бас тэгэж туйлшруулж болохгүй. Бид 90 оноос тэдгээрийг засаж, өөрчилсөөр ирлээ. Гэхдээ хэтрүүлээд нөгөө талруу нь туйлшруулж савах нь нэлээд байна. Энэ ч бас аргагүй л үзэгдэл. Харин Манж нарын энэ мэтээр бидний бүр өв соёлд хүртэл сэмхэн шургуулчихсан нэн халгаатай, хорлонтой олон зүйлсийг засаж залруулж буй эсэх нь мэдэгддэггүй. Ер нь манж нар хэдэн удаа монгол айл өрх бүрээр нэгжиж, монгол өв түүх бүхий ном судрыг хураан устгаж, оронд нь бурхны шашны судар ном тараасан байдаг. “Үүл хурвал бороо, Монгол хурвал цэрэг” болдог гэдгийг манж нар сайтар мэдэж, аль болох эвлэж нэгдэхгүй байлгаж, язгуурын омогт дайчдыг тарни номоор номхруулж, орхимжоор шалдалж, цалин пүнлүү, шан харамжаар цаламдаж, өрсөлдүүлэн сөхрүүлж авсныхаа хүчинд хэдэн зуунаар бидний эзэн сууж чадсан.
Өөрөөр хэлбэл манжууд биднийг язгуур мөн чанараас нь холдуулж, өөрсдийгөө таньж мэдрэх чадварыг нь алдагдуулж, номхон хүлцэнгүй албатаа байлгах гэж хичээсэн. Өчигдөрт чи хэн ч байгаагүй бол өнөөдөр ч мөн адил хэн ч биш гэсэн үг. Чиний эцэг чинь, өвөг чинь хэн ч биш байсан, тэгэхээр чи ч бас хог новш мөн гэж буй утга. Улс үндэстэнд ч мөн адил хамаатай ойлголт. Колоничлолын тархи угаалт ингэж л явдаг. Хамгийн түрүүнд тухайн үндэстний өв түүх, соёл уламжлалыг цэвэрлэдэг. Ой санамжаас нь арчдаг. Бид түүхэндээ ийм тархи угаалтуудад, өв соёлын геноцитэд байнга өртөж ирсэн. Одоо ч бас ялгаагүй.
- Манай зарим түүхчдийн зүгээс Манжийн колоничлол гэж байгаагүй, харин ч манж нар биднийг аятайхан сайхан хадгалж байсан, бид вассал төдий нэртэй, холбоотон нь байсан гэж үздэг?
Колоничлол гэдгийг европын гүрнүүдээс Ази, Африкийн зарим орнуудыг үгүйрүүлэн тоносон, ард иргэдийг нь хядсан, боолчлон гинжилсэн жишгээр харвал манж нар монголчуудыг бараг л илж таалсан болоод явчихна.
Гэхдээ колоничлолийг зөвхөн тэр шалгуураар үзэх нь зөв ч юм уу даа. Эхэн үедээ монголчууд манжийн холбоотон, вассал маягтай байсан байх. Яваандаа ч болохоо байгаад ирсэн. 1911 онд чинь манайхан юуны төлөө тэмцэж, хотлоороо сүйд болж байсан хэрэг вэ. Ямар нэгэн гав гинж байсан л хэрэг шүү дээ. Ноёдууд бүгд л манжаас цалин пүнлүү авч байв. Манайд манжийн хууль ёс бүрэн утгаараа хэрэгжиж байв. Одоо манайхны яриад байдаг тэр Есөн эрүү гэдэг чинь манжийн эрүүгийн эрхзүй монголд хүчин төгөлдөр хэрэгжиж байсны л баталгаа шүү дээ. Хүний санаанд багтамгүй яргалал, тэр есөн эрүү чинь. Тэгээд цаашлаад цавчуургадах, хянгадах, махыг нь шулах, зоосны нүхээр сүвлэх, арьсыг нь хуулах, шөрмөсийг нь сугалах, модон илжгэнд хадах гэх мэт цаазын ялууд байна. Монголчуудын уламжлалд хүнийг бүү хэл малаа ч тэгэж тарчилгаж тамлах нь цээртэй. Анчид хүртэл ангаа аль болох шархдуулж зовоолгүй агнахыг эрхэмлэдэг байв. Сум хэмнэхээс илүүгээр амьтан зовоох вий гэсэн эмзэглэл. Тэгээд хоёр зууны турш энэ хуулиар яваад ирэхээр эцэст нь сураад эхэлж байгаа юм. Тэр 1930-аад оны эсэргүү бослогынхон баригдсан улаантнуудын зүрхийг нь сугалж, арьсыг нь хуулж, шөрмөсийг нь сугалж, бууны улайдсан сүмбээр ороолгож байсан нь халдвар авсных.
- Монголчууд үнэхээр бусдыг тэгэж тамлаж хэрцгийлдэггүй байсан гэж үү? Их гүрний үед олон улс орнуудад хядлага үйлдсэн гэдэг.
Манай Их цааз хууль, Халх-Ойрдын цаазын бичгийг шалгаад хараарай, цавчиж цаазлах, ташуурдан гэсгээх л гэж бий. Амьдаар нь махыг нь шулж, арьсыг нь хуулах, шатаах гэх мэт яргаллын тухай юу ч байхгүй. Өөр бусад бүхий л түүхийн эх сурвалжуудад монголчууд хүнийг тэгэж аймшигтайгаар тарчилгаж байсан тухай зүйл байдаггүй.
Манж, хятадын эрүү аймшигтай. За тэр барууны ертөнц бол ер дутахгүй байсан. Ялангуяа дундад зуунд католик шашны эрх ашгийн үүднээс гэмгүй эмэгтэйчүүдэд шулам гэсэн дөнгө зүүж өгөөд мянга мянгаар нь амьдаар нь шатааж алсан шүү дээ. Католикууд нь протестантуудаа яргалж тамлахын тулд бараг бүхэл бүтэн шинжлэх ухаан бий болгохоо шахсан. Тэр том том чулуун хэрэм цайзуудад хүн тамладаг тусгай өрөөтэй, бүр тамладаг элдвийн машинуудыг олноор нь янз бүрээр нь зохион бүтээсэн нь ч бий. Өнөөдөр хөгжлөөрөө тэргүүлж буй Америк оронд мөн саяхан 70-80-хан жилийн өмнө цагаан арьст америк хүмүүс хар арьстнуудыг зөвхөн хар арьстай төрснийх нь төлөө амьдаар нь шатаагаад, бүгдээрээ тойрч баясдаг, пиво ууж, цэнгэдэг л байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист германуудын бөөнөөр хорих лагеруудад юу болж байсныг эрх биш сонсож дуулсан л байх, мөн энүүхэн манай зүүн хилийн цаахна япончууд 731 гэдэг алдартай нууц анги дээрээ европчуудын тамлагчид ч атаархмаар аймшигтай туршилтуудыг амьд хүн дээр хийдэг байсан, тэр туршилтад монголчууд хүртэл өртсөн шүү дээ. Гэтэл монгол хүнд тийм бусдыг тамалж таашаал авдаг уламжлал байсангүй. Их гүрний үед олон хүн алсан л гэдэг, гэхдээ дайн тулааны талбарт дайснаа алж сөнөөх нэг хэрэг, тамалж, тарчилгах нь өөр явдал шүү дээ.
- Тэгэхээр тэр манжийн хатуу харгис эрүүгийн хууль манайд хэрэгжиж байжээ?.
Тэгсэн. За тэр манжуудаас монголчуудыг алж хядсан нь бол аймшигтай юм болсон. Зүүн гарын хаант улсын хүн ам үндсэндээ хядагдаж дууссан. Багадаа 600 мянга, ихдээ нэг сая баруун монголчууд хядуулсан. Манжийн цэргийн эрхтнүүдийн тайланд ч, тэр цаг үед Зүүн гар нутгаар явсан аялагчдын тэмдэглэлд ч хядлага ямар өргөн хүрээтэй, хайр найргүй байсныг илтгэдэг. Зүүн гарын хаант улсын хэдэн зуун км газарт үхдэл хүүрээс өөр эзэнгүй болж байжээ. Тэр үед Ойрдуудын дунд гарсан дуу хүртэл бий.
“... Бөн бөн дэгдэе...
Туулай болоё
Хаана очиж бутны оёорт хоргодоё доо...” гээд. Бүр орох байх газаргүй болж, аргаа барсны илрэл. Манж цэргүүд гар гараасаа барих нь холгүй самнаж нуугдсаныг олж устгаж байжээ. Тэгэхээр колоничлол байлгүй яахав. Бид тэр хядагдсан хэсгээ мартчихдаг, Монгол гэдгийг зөвхөн тухайн үеийн Халх буюу өнөөдрийн Монгол Улсын хэмжээнд ойлгодог байж таарахгүй. Бид чинь Манжийн түрэмгийлэл эхлэхээс өмнө амьдарч байсан газар нутгийнхаа тавны нэгд ч хүрэхгүй хэсэгт аж төрж байгаа шүү дээ.
Ерөөсөө ч бид Манжийн эрхшээлд орсон үеэс л бараг бүх талаар хоцрогдоод эхэлсэн нь харагддаг. Хоёр зуун жилийн туршид шүү. Тэр цаг үед шашин л хөгжсөн, бүр Монголын Буддизм гэгдэх хэмжээнд хүртэл Буддизмыг хөгжүүлсэн, бас хэтрээд гурван эрийн нэг нь лам болдогтоо хүртэл тулсан. Энэ чинь мөхөл сүйрлийн шинж, ямар ч юм хэмжээнээсээ хэтрэхээр гамшиг болдог. Тэгээд яг дундад зуундаа гацчихсан. Дэлхий нисэх онгоц хийж байхад, Эйфелийн цамхаг босгож байхад бид чинь төмөр царцаа тоонон дээгүүр эргэлдэх тухай бошго домог яриад сууж байв. Төвөд манай хоёр нэг ижилдүү замаар замначихсан, азаар өнгөрсөн зуунд бид алдаа оноо, төлбөр төлөөс ихтэй ч өөр замыг сонгосноор дундад зууны хоцрогдлоос урагш ахисан. Харин Төвөд хуучнаа авч үлдсэнээрээ хүчин мөхөсдөж, хятадын дээвэр дор ороод, өнөөдөр мөхөж байна.
Дээр ярьсан манай үндэстэнд буй соёлын хоцрогдол гээд байгаа нь чухам тэр манжийн үеэс дундад зуундаа гацчихсаны үлдэгдэл, ул мөр өдий хүртэл гүйцэд салж өгөхгүй байгаатай холбоотой.
Колоничлол гэдгийг ер ямар хэмжээнд хүлээн зөвшөөрөх ёстой вэ гэдэг зүйл өнөөдөр их ээдрээтэй болоод ирсэн. Тухайлбал Хятадуудын Төвдөд, Шинжаан Уйгурт, Өвөр Монголд явуулж буй бодлого нь колоничлол мөн үү?
- Саяхан манай сэтгүүлчид Төвөдөд зорчоод ирэхдээ тэдний хөгжиж цэцэглэж буйг, Төвөдүүдийн азтайг гайхаж шагшрах нь холгүй байна билээ?
Аргагүй шүү дээ, тэднийг хаагуур явуулж, юу үзүүлэхээ хятадууд мэдэлгүй дээ. XIV Далай лам “Төвөдүүдийн тусгаар тогтнолын тухай ярих ямар ч боломжгүй болсон. Түүнийг хүлээн зөвшөөрнө. Гагцхүү Төвөдийн өвөрмөц соёлыг яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг л асуудал үлдсэн” гээд асгартал уйлж байсан. Нүдэн дээр Төвөд ч, Өвөр Монгол ч, Шинжаан Уйгур ч цэцэглэн хөгжиж, эд баялгаар хахаж буй боловч уугуул иргэдийн хувьд мөхөж байгаа нь бодит үнэн юм. Тэр хүн далай дотор хэр удаан тэсэх вэ гэдэг л асуудал байхаас биш өөр асуудал байхгүй. Далай багштаны нулимс чухам үүнийг л өгүүлдэг. Хөх нуур орчмын дээд монгол малчид хаяа залгаа төвөдүүдтэй бэлчээрээс болж байнгад зөрчилдөж ирсэн байдаг. Ихэнхдээ тооны олонд дээд монголчууд ялагдана. Гэхдээ тэдний хувьд бэлчээрийг нь булааж ялсан төвдүүдийг ялдаг ганц л зүйл байдаг гэнэ. “Төвөд чи монгол намайг албал ал. Би үхлээ ч Монгол Улс ард үлдэнэ. Харин төвөд чи надаас хойш урт удаан наслаарай. Яагаад гэвэл чамаар төвөд гэдэг улс дуусах учраас” гэж хэлж нэг нам болгодог гэж байгаа. Ёстой орчлон хөрвөөхгүй л юм бол төвөд гэдэг улс зөвхөн түүхэнд л нэр нь үлдэнэ.
Манай өвөрлөгч малчид, иргэд зоос ихтэй болсон, хятадын засгаас хоолойд нь тултал тултал зоос өгсөн. Бэлчээрийг нь аваад ч өгсөн, бас малын хөл тутамд нь татвар авах биш, бүр нэмж татаас мөнгө ч өгсөн. Ахуйн хувьд бидэнтэй харьцуулах аргагүй баян тансаг, гэвч тэдний зүрх сэтгэл, хүсэл бодол нь томоос том, хүндээс хүнд гав гинжтэй. Төвөд ч, уйгурууд ч мөн адил тийм байгаа.
Орчин цагийн колоничлол зүсээ хувиргачихсан. Цэрэг зэвсгийн оронд тархи угаалтыг, гав гинжний оронд ходоод, хэрэглээг нь ашигладаг болсон. Улс орнуудыг, хүн ардыг үзэл суртлаар дарамталж, хөрөнгө санхүүгээр гинжилж байна. Хачирхалтай нь боолчлогдож буй хүн өөрсдийгөө гав гинжтэй байгаа гэдгээ мэддэггүйд, харин ч эрх чөлөөтэй гэж бүрэн дүүрэн эргэлзээгүй итгэдэгт л энэ шинэ цагийн колоничлолын аюул нь байгаа.
- Та дээрх “Монгол хүн 60 хүрээд ухаан орж, 61-эндээ үхдэг” гэсэн үгийг эергээр нь ойлгож, тайлбарлах ч боломжтой гэлээ. Хэрхэн яаж тийн тайлбарлах вэ?
Ухаан орох ба соёлжих, иргэнших гэх мэт нь ялгаатай ойлголтууд шүү. Балар тайгын модон урцанд, эсвэл эзгүй мэт элсэн цөлийн аглагт амьдардаг хэдий ч амьдралын мөн чанарыг дээд хэмжээний соёлжсон, иргэншсэн, мэдлэгжсэн орчин үеийн нийгмийн гишүүнтэй харьцуулах аргагүй гүн гүнзгий ухааран ойлгосон хүн байх нь бий.
Монгол хүн 60 хүрээд ухаан ордог гэдэг нь соёлжоод, иргэншээд, мэдлэгжээд гэсэн утгаараа биш, харин алаг хорвоогийн эрээн бараантай амьдралын учрыг алдан онож явсаар таньж ухаарч буй тухай яриа. Энэ ертөнцөд мэндэлсний хэрэг чинь идэж уух, эдэлж хэрэглэхэд биш, харин ухааран таньж, сэтгэл амирлахад юм. Тэр утгаараа хүмүүний ертөнцөд ирснийхээ хэргийг амьддаа гүйцээчихлээ гэсэн үг. Нинж сэтгэлийн чинадад хүрч, товчхондоо гэгээрлийн мөрд ойртдог байж магадгүй. Яагаад гэвэл монгол хөгшдийн үйлдэл, зан араншин бусад үндэстнийхээс ихээхэн өөр. Америк, европын өндөр настнуудтай харьцуулахад ма
Зочин
2020-09-28
үнэхээр сайхан ярилцлага, ямар их зүйлсийг манин мэдсэн ойлгож ухаарсан гайхалтай сайхан мэдрэмж авлаа. баярлалаа.
Зочин
2020-09-28
харин тиймээ. олон хүн уншиж ухаарч мэдрээсэй билээ.
Зочин
2020-09-28
миний монгол .. заавал бичээрэй.танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Зочин
2020-09-28
үнэхээр сайхан ярилцлага байна. бидний монголчууд материализмд баригдсан энэ гэнэн бусдын тархи угаалтаар хрдсон
Зочин
2020-09-28
үнэхээр сайхан ярилцлага байна. бидний монголчууд материализмд баригдсан энэ гэнэн бусдын тархи угаалтаар хордсон сэтгэлгээг үндсээр нь үгүй хийх хэрэгтэй
Зочин
2020-09-28
үнэхээр сайхан сонирхолтой ярилцлага байна. баярлалаа.tанд амжилт хүсье.
Зочин
2020-09-28
монгол түмнийхээ, өвөг дээлсийнхээ талаар бодож төсөөлж явдагтай адил зүйл сонссондоо их баяр төрлөө. танд баярлхлаа
Зочин
2020-09-28
ашгүй миний бичихсэн гэж бодож явдагийг биччихэж. баяраллаа.