Умайн хүзүүний хавдар өвчин 30-45 насны эмэгтэйчүүдэд голдуу зонхилдог. Гэхдээ манай улсад судлагдаад бүрэн эмчлэгдсэн нэг өвчин бий нь умайн хүзүүний хавдар юм. Энэ өвчнийг оношилж эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ өнөө үед улам боловсронгүй болсон. Гол нь хавдар гэнэт хэзээ ч үүсдэггүй заавал тодорхой үе шат дамждаг. Хавдар хэдэн үе шат дамжиж үүсдэг тул эрт оношлуулж, эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой. Нэгдүгээр үе шатанд нь эмчлүүлсэн хүн тав буюу түүнээс дээш жил амьдарвал хорт хавдар бүрэн эмчлэгдсэн гэж үздэг. Тэгэхээр эдгэрэх боломж нь 80 хувь юм.
Умайн хүзүүний хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс:
Умайн хүзүүний хавдар үүсэхэд хүний папилома вирус (ХПВ)-ийн халдвар, архи, тамхи зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. Хүний папиллома вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Халдвар авснаас хойш 15-20 жилийн дараа хорт хавдар үүсэх магадлалтай ба дээрх хугацаанд эмэгтэйчүүд үзлэг, шинжилгээнд хамрагдаж байвал хавдрын урьдал үед нь оношлуулж, бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга бол охидыг бэлгийн хавьталд орохоос нь өмнө вакцин хийж хамгаалах явдал юм. Мөн 30-60 насны эмэгтэйчүүд 3 жил тутамд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийлгэж, ПАП (умайн хүзүүний эсийн) шинжилгээнд орж, эмчийн хяналтад байх нь зүйтэй.
Мөн хүний дархлаа сул байх нь умайн хүзүүний эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлж болно. Бэлгийн олон хавьтагчтай байх эсвэл бэлгийн олон хавьтагчтай байсан хүнтэй бэлгийн харьцаанд орох нь умайн хүзүүний өмөн үүсэх эрсдлийг мөн л ихэсгэдэг байна. Жирэмслэхээс хамгаалах дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар буюу 5 түүнээс олон жил хэрэглэх нь умайн хүзүүний хавдар үүсэх эрсдлийг мөн нэмэгдүүлж болно.
Умайн хүзүүний хавдрын үед илэрч болох шинж тэмдгүүд:
Умайн хүзүүний хавдрын эрт үед ихэвчлэн ямар нэг шинж тэмдэг, зовиур илрэхгүй байж болно. Харин хожуу үе шатанд доорх шинж тэмдгүүд гарна. Үүнд:
- Биеийн юмны мөчлөгийн хооронд цус гарах
- Бэлгийн харьцааны дараа, үтрээний угаалга, дотуур үзлэг хийсний дараа үтрээнээс цус гарах
- Цэвэршсэний дараа цус алдах
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Бэлгийн харьцааны үед өвдөх
Дээрх шинж тэмгүүд нь халдвар болон бусад эмгэгийн үед илэрч болох учир эмчид үзүүлэх нь зайлшгүй чухал юм.
ПАП шинжилгээ гэж юу вэ?
ПАП шинжилгээгээр умайн хүзүүний хэвийн бус эс буюу хавдрын эсэд шилжиж буй хувирлыг илрүүлдэг. Энэхүү шинжилгээг 30-60 насны эмэгтэйчүүд 3 жилийн давтамжтайгаар заавал хийлгэх хэрэгтэй.