“Үгүй ээ, ах аа, хүнтэй явж байна” гэхэд өвөө дахиад гуйх нь сонсогдож, жолооч бас л нөгөө үгээ давтан хэлэв. Тэрүүхэн хооронд би тэдний яриаг чихнийхээ хажуугаар л өнгөрөөсөн байлаа.
Өчигдөр ажил хөөцөлдөж явсаар орой болгож орхив. Хүүхдүүдээ ч цэцэрлэгээс нь авах цаг болсон байлаа. Такси барихаар шийдээд гараа өргөтөл төдөлгүй нэг тэрэг ирээд зогсов. Дөнгөж суугаад л булан эргэтэл машинаар түгжирсэн Нарны гүүр угтах нь тэр. Энэ их түгжрээг яаж туулъя даа гэсээр утасныхаа дата-г асаагаад фэйсбүүкт орохоор оролдож суутал машины цонхоор нэгэн өвөө шагайх нь тэр.
Машинууд хөдлөлгүй гацчихсан болохоор тэрүүхэн хооронд өвөө “Миний хүүхдүүд хаашаа яваа юм, ахыгаа гүүр дөнгөж давуулаад буулгаад өгөөч” гэж инээмсэглэн хүсэв. Би хальт харчихаад жолооч тэр настныг суулгачих байх гэсэн юм бодоод утсаа “маажих” ажилдаа оров.
Гэтэл жолооч, “Үгүй ээ, ах аа, хүнтэй явж байна” гэхэд өвөө дахиад гуйх нь сонсогдож, жолооч бас л нөгөө үгээ давтан хэлэв. Тэрүүхэн хооронд би тэдний яриаг чихнийхээ хажуугаар л өнгөрөөсөн байлаа. Өвөө машины хажуугаар зөрөн өнгөрөх нь нүдний буланд өртөх үед л сая ухаарав. “Ах аа, энэ өвөөг буулгаад өгье л дөө” гэхэд жолооч ах “Чамайг дургүйцэх болов уу гэж бодоод үгүй гэчихлээ” гэв.
Би машины хаалга онгойлгоод өвөөгийн араас дуудан хашгирав. Яг энэ үед ээжээс минь үлдэж хоцорсон аав минь санаанд орж, эвий миний аав шиг хүн байна, аав минь хэн нэгнээс бас ингэж гуйгаад алхаж яваа ч юм билүү гэсэн бодол хоолой дээр зангирч байлаа.
Миний хашгирах дуунаар өвөө ч хүрч ирээд машинд суучихав. Санаа нь зовох, бас баярлах хосолж байгаа бололтой бидэнд тал засах гэж хэрэндээ л эвтэй аятай зүйл ярих гэж оролдож байгаа харагдана. Энэ зуур түгжрэл ч шингэрч, өвөөгийн буух газар ирэв.
Өвөө зүгээр л “Баярлалаа” гэж хэлээд бууж болох байв. Эсвэл бусдын жишгээр 500 төгрөг өгч ч болох байлаа. Гэхдээ тэр тэгсэнгүй. Харин тэрнээс илүүг жолооч ах бид хоёрт өгөөд буусан юм. “За маш их баярлалаа хүүхдүүд минь. Та бүхний санасан хүсэл бүхэн дэлгэрч, алтан шар зам нь ерөөлтэй байг ээ. Сайн явцгаагаарай” гэж хэлээд явж одов. Жолооч ах “Ерөөлөөр болог ээ” гэж их л дуртай хүлээн авсан бол би “Өө маш их баярлалаа өвөө” гэсээр түүнийг үдсэн юм.
Энэ өвөөтэй уулзаад салсан хэдхэн хормын дараа энэ сайхан ерөөлийг сонссоны дараа нэг их сайхан амарчихсан юм шиг, эсвэл ядарч ядарч ирээд ээжийнхээ чанасан аагтай шаргал цайг уусан юм шиг тийм сайхан мэдрэмж төрж билээ. Нэг л сайхан баярлаад уулга алдмаар тийм сайхан бэлгийг тэр өвөө хэдхэн үгээрээ өгч чадсан юм шүү.
Такси минь ч хүрэх газраа ирж би буухдаа жолооч ахад төлөх ёстойгоосоо илүү мөнгө өгсөн юм. Яагаад ч юм миний өгсөн мөнгө биш харин миний баярласан сэтгэл хамгийн чухал гэдгийг тэр агшинд мэдэрч байлаа.
Мөнгөнөөс үнэтэй үг гэж байдаг. Тэр үгийг хэлсэн өвөө танд баярлалаа.