Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газраас 2019 оны эхний 10 сард улсын хэмжээнд гарсан обьектын болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа. Обьектын гал түймрийн нийт 3611 удаагийн дуудлага бүртгэгдэж, үүнээс гал түймэр унтраах аврах анги ажилласан 1396, зөрчил 2059, мэдээлэл 161 бүртгэгдсэн байна. Гал түймрийн улмаас 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 51 хүн нас барж, 63 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1452 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 1034 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 53.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19 хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ 37 хувь буурсан байна. Харин улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийн тохиолдлын хувьд 10 сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий 14 аймгийн 54 суманд нийт 115 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан.

Урьдчилсан байдлаар 50476.8 га ой, 261491.9 га хээрийн талбай, нийт 311969.7 га талбай түймэрт өртөж 13 байшин, 4 гэр шатсан байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.7 тэр бум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа