Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, тэдний санал санаачлагыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр “Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны есдүгээр сарын байдлаар 13,0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр өсч, нийт үйлдвэрлэлийн 73 хувь буюу 9,5 их наяд төгрөгийг уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл эзэлж байна. Мөн улсын хэмжээнд нийт 770 мянган бүртгэлтэй ажилтан байгаагийн 8 хувь буюу 61 мянган ажилтан уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Үүний 4 мянга нь дээд боловсролтой инженерүүд байгаа юм.
Уул уурхайн салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан илгээлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Уг илгээлтэд инновацийг дэмжих бодлогыг боловсруулж, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уялдаа холбоог хангаж, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Мөн хариуцлагатай уул уурхайг бий болгох, авьяас чадварт суурилсан чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулах ёстойг онцолсон юм.