Цаг үеийн мэдээ

Уур бол хүний энэ нас байтугай урд олон төрөлдөө хураасан буяныг устгах чадалтай. Хүн яагаад уурладаг вэ гэвэл өөрийн хүссэнээр болохгүй болохоор л тэр юм байна. Хэрэв бүх зүйлийг өөрийн сэтгэлдээ нийцүүлнэ гэвэл энэ нас ч хүрэлцэхгүй бөгөөд бүтэхгүй зүйл.
Дэлхийг өөрийн хөлийн уландаа зориулж үхрийн арьсаар ширнэ гэвэл тэр үхрийн арьс хаанаас олдох билээ, олдсон ч түүнийг бүрэхэд энэ нас хүрэлцэхгүй. Харин өөрийн улаа л ширэлчихвэл дэлхийг ширэлсэнтэй ялгаа юу байхав гэж Бурханы шашинд сургадаг. Тиймээс бид өөрсдийн сэтгэлээ л засаж чадваас гадны ямар ч асуудлын нөлөөнд автагдахгүй уурлаж ундууцахгүй байх бүрэн боломжтой юм.
Үрийг шараад хуурчихвал гаднаас нь хичнээн чийг нар өгч, хөрсийг нь сайн бордсон ч огт ургахгүйтэй адил бид сэтгэлээ л засчихвал гадна талд хэчнээн сөрөг шалтгаан бий болсон ч танд нөлөөлөхгүй юм.
Надад нэг компьютер дээр зураг байдаг л даа. Тэр зургийг компьютер дээрээ 30 секунд хараад л дараагаар нь хараагаа хана руу шилжүүлж харахад тэр зураг ханан дээр тодорч харагддаг. Энэ нь тэр ханан дээр зураг байхгүй, бид өөрсдийн нүдний гэмээр л тэр хана дээр зураг бий гэж харж байгаа юм. Үүн лугаа адил бид аливаа зүйлд буруу өгөхдөө үргэлж бусдад тохдог. Өөрөө огтхон ч буруу байхгүй. Гэтэл үнэндээ бид өөрсдийн сэтгэлийн гэмээр бусдыг буруугаар хардаг бөгөөд бид бурууг бусдаас бус өөрөөсөө хайх хэрэгтэй.
Хэн нэгэн хүн надад ямар нэгэн хорлол үзүүллээ гэхэд урд насандаа би муу үйл тэр хүнд хийсэн байна, түүний үйл лайгаар надад эргээд хорлол үзүүлж байна аа. Тиймээс миний энэ хүнд хийсэн урдны муу үйл үүгээр барагдах болтугай гэж бодох хэрэгтэй. Харин эсрэгээрээ дайраад өрсөөд явчихвал урд насны хийсэн муу үйл чинь барагдах байтугай харин ч дээр нь нэмээд тэр үйлээ үржүүлээд хүч оруулаад явчихаж байгаа бөгөөд аливаа хийсэн буян ч бас давхар хорогдох юм.

Бурхан хамаг амьтныг энэрэн нигүүлсдэг ба түүний төлөө л байдаг. Гэтэл хүн бурхнаас аврал эрдэг мөртлөө уур цухлаар асуудалд хандаж байгаа нь ирэх авралыг өөрөө үгйүсгэж байгаа хэрэг юм. Энэ нь жинхэнэ ёсоор Бурхандаа аврал одуулдаггүйн шинж болой. Аливаа зүйлд арга байхгүй бол түүнд уурлаж харамсаж, гашуудах хэрэг юун, Аливаа зүйлд үнэхээр арга байсаар байтал түүнд уурлаж харамсах юун гэсэн Шантидэва гэгээний гайхамшигт үгийг үргэлж санаж яв.
Энэ мэт олон учир шалтгааны амьдрал дээр хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгөх бөгөөд сүүлдээ бүүр дадаад ирэхэд таны уур аяандаа байхгүй болох юм.
Мөн нөгөө талаар жижиг сажиг зүйл дээр уурлан өөрийн сэтгэлийн амгалан байдлаа алдах нь нэг талаар харамсалтай хэрэг юм. Тухайлбал дүү чинь ч юм уу хэн нэг нь аяга санамсаргүйгээр хагаллаа гэж бодоход түүнд уурлах хэрэггүй юм. Учир нь миний сэтгэлийн амар амгалан бол тэр аягатай харьцуулшгүй илүү үнэтэй чухал зүйл юм.
Хүн уурлаж байх үедээ сэтгэл нь ихэвчлэн гадагшаа анхаарсан байдаг. Нэг ч удаа дотогшоо харж үздэггүй бөгөөд мэддэг ч үгүй насыг бардаг бололтой. Өөрөөр хэлбэл уурлах үед сэтгэлийн гадагшаа хандсан хандлага бараг 100% болж сэтгэл зүрхээ өөрөө өөрөөс нь улам л холдуулдаг. Сэтгэл зүрхээрээ мэдэрч амьдардаггүй хүн та уур ундууцал, хар муу бүхнийг агуулсан хөндий сав зэргээс юуны ялгаа. Үүнийг Бурханы шашин хуруугаа гадагшаа бус өөр рүүгээ чиглүүл гэдэг. Тиймээс та сэтгэлийн гүнээ яг уурлаж байх үедээ уудлаад нэг үзээрэй. Ямар процесоор яаж ажиллаж байна гэдгийг танин мэдэж, дээр хэлсэн олон шалтгаануудыг тухайн эгшинд хавсарган бодож үзэх хэрэгтэй.

Одоогоор миний бие ямар ч зүйл дээр нээх уурлаад байдаггүй. Энэ нь зөвхөн бүдүүн уур дарагдсан төдий л байх, нарийн уурыг нарийн түвшинд л очих буюу, сэтгэлийн гүн рүү нь нэвтрэн орж дарна. Түүнд нэвтэрхэд бясалгал хэрэгтэй юм. Уурын энэ мэт олон шалтгааныг яг уурлаж тэр агшиндаа бодон хэрэгжүүлээд үзээрэй. Нэг сар л хангалттай байх. Түүний дараагаар таны бүдүүн уур нэг мэдэхэл д аяндаа л дарагдсан байх болно.
Энэ мэт бусад олон сэтгэлийг буртагуудыг энэ жишээн дээр гардаг шиг дарах боломжтой юм. Энэ бол миний туулсан бодит жишээ юм. Уургүй бай, хүлцэнгүй бай гэдэг нь доошоо харчихаад л хэн ч юу ч хэлсэн дуугай суун, дүлий дүмбэ царайлаад суухын нэр биш юм. Зарим хүн нүдэн дээр чинь илт буруу зүйл хийгээд байвал хэлэлгүй яахав. Ер нь уур гэдэг чинь бусдад муу санасны үндсэн дээр бачимдаж сэтгэл нь таагүйтэхийн нэр юм. Тиймээс нөгөө хүний тусын тухайд доторх амгалан байдлаа алдагдуулахгүйгээр хэлэх хэрэгтэй ба бүүр болохгүй бол догшин дүр гарган загнасан ч болох юм. Яг л очирваань Бурхан шиг. Очирваань бурхан бол гаднаа догшин дүртэй боловч дотороон амгалан оршдог бөгөөд хамаг амьтаны тусын тулд л гэсэн сэтгэлтэй байдаг. Энэ бол харин уур биш бөгөөд хүмүүс гаднаас нь хараад ууртай догшин амьтан мэтээр хардаг л байх. Эх нь үрдээ уурлаж буй мэт байсан ч муу санадаггүй бөгөөд энэ нь өөрөө өөртөө уурлаж, өөрөө өөрийгөө хэмлэж буйн ялгаагүй жишээ болох тул тийм буй буй за. Хэрвээ үнэхээр муу санаж, муу үг үйлдлээр зүхэж байваас тэр хүн хорлонт чөтгөр лугаа. Тиймээс бусдыг өөр лугаа санаж явах аваас уурын шалтгаан нэгэнт үгүй болж, учрах буяны үүд нээгдэх нь дамжиггүй. Тиймээс уур гэдэг зөвхөн өөрийн болоод бусдын буяныг барах гэж ирсэн чөтгөрийн илэрхийлэл болой.

Таны сурталчилгаа