Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан билээ. Тэгвэл энэхүү тогтоолын дагуу сангийн яам болон татварын ерөнхий газраас авто тээврийн хэрэгслийн татварыг И-баримт аппликейшн ашиглан төлөх боломжийг бий болгосон байна.
Өнгөрөгч аравдугаар сарын 16-наас эхлэн иргэд “И-баримт" аппликейшнаа ашиглан төрийн үйлчилгээг гуравхан минутад авах боломжийг олгожээ. Эхний ээлжинд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 38 үйлчилгээ, лавлагаа авах боломж бүрдээд байсан. Тэгвэл энэ удаад авто тээврийн татвараа И-баримт ашиглан төлөх боломжтой боллоо.
Өмнө нь авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлөхөд харьяа дүүргийн татварын албанд очиж, ногдлоо тодорхойлуулж, банкинд дугаарлан татвар төлбөрөө төлсний дараагаар татварын улсын байцаагчид очиж, тэмдэглэгээ хийлгэдэг байсан. Мөн жолооч нар гурван төрлийн 900-3000 төгрөгийн татвар хураамж төлдөг байсан бол одоо өөрийн байгаа газраасаа интернетэд холбогдон 300-хан төгрөгийн хураамж төлж, албан татвараа төлөх юм.
Түүнчлэн монгол Улсын хэмжээнд “И-баримт” аппликейшнг 1.2 сая хүн хэрэглэдэг бөгөөд шинэ хувилбарыг 300 гаруй мянган хүн гар утсандаа татаж хэрэглэж байгаа юм.