Нийслэлийн Онцгой комисс сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудал, гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ. “Сайжруулсан шахмал түлшнээс элемент болон техникийн шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтүүдийг БНХАУ, БНСУ, ОХУ- руу илгээж шинжлүүлсэн. Дээрх лабораториудын шинжилгээний дүнгээр одоо манайд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа шахмал түлшийг 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан гэж гарсан байна.
“Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 15 өрхийн 33 иргэн хандаж угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан байна.
Харин өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг тараажээ. Энэ сарын 01-03-ны өдрүүдэд нийт 164.372 айл өрхүүдэд хоёр дахь удаагаа тарааж, 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгааг онцоллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 154 улсын байцаагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хороо, дүүрэг бүрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа юм. Мөн тус газраас өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 19 зөрчил илрүүлж 14.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн хурааж, 9 сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.
Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд 36 өндөрлөг цэгүүдээр хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.