Өнөөдөр манай улсад гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчдынхаа зүгээс бэлгийн дарамт шахалтад өртөж байна гэсэн судалгаа бий. Хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн сан, эмэгтэйчүүдийн хөдөлмөр хөгжил сан, иргэдэд туслах хүний эрхийн сан, хүйсийн тэгш эрхийн төв, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хорооноос хамтран ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Анх 2004 онд хийгдсэн анхны ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдлын судалгааны үр дүнгээс харахад 5 хүн тутмын нэг нь АББД-т өртдөг, 3 хүн тутмын нэг нь дарамтад өртсөн хэн нэгнийг мэддэг гэсэн тоо баримт гарсан байдаг. 2017 онд дахин далд хэлбэрээр судалгаа явуулахад удирдах албан тушаалтнуудын бэлгийн дарамт үзүүлэх байдал 18.9%-р, хамтран ажиллагсдын бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6%-р тус бүр нэмэгджээ. 2015 онд шинэчилсэн Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлд (бэлгийн дарамт учруулах) нэр томьёог оруулж гэмт хэрэг гэж үзсэн боловч 2017 оны 5-р сард дахин нэмэлт өөрчлөлт оруулахдаа хуулийн заалтыг хассан байна.
Ажлын байрын бэлгийн дарамт нь:
-Хүний эрхэм чанар, нэр төрийг үл тоон үгүйсгэдэг
-Хүний бэлгийн халдашгүй эрх чөлөөнд халддаг
-Хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхдаг зэрэг хамаардаг.
-Хүнд хор хөнөөл учруулж байдаг зүй бус гэмт үйлдэл учир хуулиар ХОРИГЛОХ, оновчтой ХАРИУЦЛАГА оногдуулах асуудлыг эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад, Зөрчлийн тухай хуулинд оруулахыг шаардаж байна гэж Монголын эмэгтэйчүүдийн сангаас мэдээллээ.
Үүнд:
1. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад АББД-ыг гэмт хэрэгт тооцож 2015 онд оруулсан 12.4 заалтыг сэргээх
2. Хөдөлмөрийн тухай хуульд Ажлын байрны бэлгийн дарамтыг тусад нь зүйлчилж, хариуцлагыг оновчтой тодорхойлох
3. Зөрчлийн тухай хуулинд хариуцлагыг оновчтой тогтоох заалтууд хамаарч байна.