Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээ мэдэгдлээ. Шаардлагад НҮБ-ын эцгийн эрхт ёс давамгайлсан эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хэвшмэл ойлголтыг арилгах талаар үүрэг хүлээснийг нь сануулаад, Ажлын байрны бэлгийн дарамтын талаарх зүйл заалтуудыг тодорхой болгож, охид эмэгтэйчүүдээ хамгаалахыг хүссэн байна.
Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах, хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх боломж хомс байдаг байна. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд Хүний эрхийн үндэсний комисст Жендэрийн эрх, тэгш байдлын тухай хуульд заасанчлан гомдол гаргах эрхтэй байдаг. Гэвч заавал нотолгоо шаарддаг тул ихэнх хэргүүд хэрэгсэхгүй болдог байна. “Ажлын байрны бэлгийн дарамтыг хавтгайруулж буй явдал бол гомдлыг хүлээж авсан ч хариуцлага тооцох механизмгүй байдал гэдгийг хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хэлж байна.
2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулахдаа “Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох тухай” заалтыг бүхэлд нь хассан. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орох ажлын байрны бэлгийн дарамтын талаарх зүйл, заалтууд төдийлөн оновчтой бус байдлаар томьёологдож байна. Тиймээс Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад анхаарч, төрөөс хууль тогтоомжоо илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Монгол улсад гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчдынхаа зүгээс бэлгийн дарамт шахалтанд өртдөг. Хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм.