Цаг үеийн мэдээ

Иргэн Ц.Пүрэвдорж хэвлэлийнхэнд хандлаа. Түүнд өнгөрсөн 10-сарын 13-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн саатуулж, мэдүүлэг авсан байна. Ингэхдээ тус цагдаагийн хэлтсийн хошууч Баасанжав иргэн Ц.Пүрэвдоржийг өмнөө сөхрүүлэн суулгаж, хэрэг хийсэн гэх бичигт гарын үсэг зурахыг хүчээр тулгасан байна. Гэхдээ Ц.Пүрэвдоржид ямар өргөдөл, гомдол ирснийг огт танилцуулаагүй гэнэ.

Ц.Пүрэвдорж нь хүнсний ногооны чиглэлээр бизнес эрхэлдэг байна. Бизнесийн шугамаар хамтран ажилласан хүнтэйгээ хоёр сая төгрөгийн маргаан үүссэн бөгөөд уг асуудал нь өдгөө залилангийн хэрэг болон хувирч, цагдаагийн албан хаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн дарамталж эхэлснийг тэрбээр мэдээллээ. Тэгээд зогсохгүй цагдаа түүний эхнэр хүүхдийг, өндөр настай ээжийг нь дуудаж, дарамталж байгааг хэллээ.

Бизнесийн хамтрагчдын дунд үүссэн хоёр сая төгрөгийн маргаан өдгөө тус бүр зургаан сая төгрөгийн хохиролтой дөрвөн бичигт гарын үсэг зуруулснаар үргэлжилж байгаа гэнэ. Тиймээс Ц.Пүрэвдорж Баянзүрх дүүргийн прокурорт хандаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг лавласан байна. Харин прокурорын байгууллага “иргэн Ц.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгээгүй байна” гэсэн лавлагааг өгчээ.

Мөн тэрбээр энэ асуудлаар ЦЕГ болон нийслэлийн Цагдаагийн газар гомдол гаргасан байна. Иргэн Ц.Пүрэвдорж "Цагдаагийн мафи бий болсон нь үнэн юм байна. Дарамталдаг, бизнесийг нь булаадаг, эрүүдэн шүүдэг нь үнэн юм байна. Тиймээс шударга бус зүйлийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ" гэдгээ хэллээ.

Таны сурталчилгаа