Фитнес эсвэл өөр бусад төрлийн спортоор хичээллэхэд амьсгалын дасгал маш их үр дүнг өгдөг. Хүн өдөр тутмынхаа амьдралд уушгины хүч чадлын гуравны нэгийг л ашигладаг гэж үздэг, өөрөөр хэлбэл цусанд хангалттай хүчилтөрөгчийг өгч чаддаггүй гэсэн үг. Үүний тулд бид амьсгалын дасгал хийвэл зохиолтой. Зөв амьсгалснаар сэтгэл санаа сэргэнэ, стрессийн үед тайвширна, сэтгэл хөдлөлөө удирдаж чадна. Зарим нэг төрлийн дасгалууд нь богино хугацаанд ядаргаа тайлж анхаарал төвлөрөхөд тусалдаг. Эдгээр дасгал нь ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст маш тустай. Амьсгалын дасгалд насны хязгаар гэж байхгүй учраас эрүүл мэндээ сайжруулахыг хүсэж байгаа бүх насны хүмүүс хийж болно. Мөн нойргүйдлээр шаналж байгаа хүмүүс хийхэд ч гэсэн үр дүнгээ өгнө. Амьсгалын дасгалыг илүү үр дүнтэй хийхийн тулд зарим нэг дүрмийг зайлшгүй баримтална. Амьсгалын дасгал хийж байгаа хүн дасгалыг зайлшгүй шаардлагатай гэж бодохгүйгээр зөвхөн сэтгэл ханамж авахын тулд л хийх хэрэгтэй. Хэрвээ дасгал хийж байх явцад өөрт таагүй мэдрэмж төрүүлж байвал дасгалыг зогсоох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Гүнзгий амьсгаа авч байгаагаа хүмүүс амьсгалын дасгалыг зөв хийж байна гэж андуурдаг, үнэн хэрэгтээ амьсгалын гүнзгий нь дасгалын үр дүнд маш бага хувиар л нөлөөлнө. Тиймээс аажим, жигд амьсгалах нь зүйтэй юм. Ингэснээр бид бие махбодийг хангалттай хүчилтөрөгчөөр хангаж чадна.
Дасгал хийж байхдаа толгойноосоо элдэв бодлоо бүгдийг “авч хаях” бөгөөд зөвхөн амьсгал дээрээ л анхаарлаа төвлөрүүлнэ. Дасгалыг хамраар амьсгалж гүйцэтгэнэ, гэхдээ зарим нэг дасгалыг амаар гүйцэтгэх заавартай. Дасгалыг задгай агаарт эсвэл агаарын солилцоо сайтай тасалгаанд хийнэ. Энэ төрлийн дасгалын талаар өчүүхэн ч гэсэн ойлголтгүй бол йог хийх арга барилаас сонирхон судлаарай. “Амьсгалаа барих” Эгц зогсох ёстой, хамраараа амьсгалаа аваад амьсгалаа хэсэг барьж бие махбодийг хүчилтөрөгчөөр хангана, тэгээд дараа нь амьсгалаа амаараа гарга.
Уушгины үйл ажиллагаа сайжрахаас гадна цэвэрлэгддэг, мөн бие махбодь бүхэлдээ хүчилтөрөгчөөр хангагдана. Та эгц зогсоод гараа алдлаарай. Амьсгалаа аажим аваад гаргахдаа цээжээ хурууны өндгөөр зөөлөн товшино. Уушги агаараар бүрэн дүүрсэн үед алгаараа цээжээ зөөлөн цохиорой. Мөн эгц зогсоод гүнзгий амьсгаа аваад барина. Гараа урагш нь өргөөд дараа нь алгаа атгаарай. Алгаа атгасан чигээр нь гараа арагш алдлаад бэлтгэл байдалдаа ирнэ. Амьсгалыг хамраараа гаргана. Дасгал болгоныг хийж дуусгасны дараа амьсгал цэвэрлэх тусгай үйл хийх хэрэгтэй. Бүтэн амьсгал авч бариад аажим гаргана. Өндөр үр дүнд хүрэхийн тулд дасгалыг тогтмол хийж занших хэрэгтэй.