Дийлэнх хүүхэд 3-4 нас, 6-7 насандаа айдас ихтэй байдаг. 3-4 насанд хүүхдийн хийсвэр сэтгэлгээ өндөр байдаг тул хальтхан үзэж харсан зүйлээ ургуулан төсөөлж түүнээсээ айх нь элбэг байдаг. 6-7 насанд хүүхэд шинэ орчин, үүрэг хариуцлага, шинэ найз нөхдийн хүрээлэлтэй болох гээд олон шалтгааны улмаас өөртөө итгэл алдаж хиймэл айдсууд бий болдог.
- Хүүхдээ тулд хоолоо идэхгүй бол эмч тарина, эрт унтахгүй мангаа дуудлаа, багшид чинь хэллээ гэх мэтээр хиймлээр айлгаж болохгүй.
- Айдас түгшүүр төрүүлсэн хүүхэлдэй, кино, зурагт ном үзүүлэхээс татгалзах,
- Хүүхдээ хэн нэгнээр харуулж үлдээх, шинэ газар орхихдоо тэндээ юу хийх ёстойг, та өөрөө хэдийд ирж авахыгаа тодорхой хэлж, хэлсэндээ заавал хүрч бай. Эцэг эх хэлсэндээ хүрэх нь хүүхдийн итгэх итгэлийг нэмж танихгүй орчинд үлдэхээс айхгүй болдог.
- Дагаж уйлдаг хүүхдээ гэрт нь үлдээхдээ нууцаар, хэлэлгүй гарч болохгүй. Заавал үнэнээ хэлж гарч байх хэрэгтэй. Хүүхэд эхэндээ таныг нэхэж уйлах ч удалгүй ээжид гарах шаардлага байдаг, гэхдээ удахгүй ирдэг гэсэн итгэлтэй болж, ээжгүй үлдэх айдас арилдаг.
- Хүүхэд тоос сорогч, хана өрөмдөх зэрэг чанга дуу чимээнээс айдаг бол хүүхдийнхээ гарнаас барин хамтдаа тоос сорогчийг унтраагаарай. Тэгээд тоос сорогчийг онгойлж үзүүлэн үүргийг нь тайлбарлаж өгөөрэй. Энэ нь би үүнийг унтрааж зогсоож чадна гэдэг эр зориг хүүхдэд бий болдог.
- Хүүхэд нь харанхуйгаас айдаг бол өдөр шөнө хэрхэн ээлжилдэг болох, гэрэл сүүдэр гэж юу болох, нар сар оддын тухай ярьж өгч тоглоом тоглоорой.
- Хүүхдээ аль болох олон шинэ газраар аялуулж бага багаар шинэ найзуудтай болгож тоглоомын төв зэрэг газарт найзуудтай хамт үлдээж байгаарай.
- Хүүхдийнхээ дэргэд өөрийн түгшүүрээ хянаж, хэцүү байсан ч хэлэх үг үйлдлээ дөлгөөн байлгаарай. Боль, Битгий, Хөөе болгоомжтой бай, унаж бэртэнэ гэж гэнэт цочмог чанга хашгирсан үгүүд хүүхдийг хиймэл айдастай болоход нөлөөтэй.
- Хүүхэд ямарч бүтэлгүйтэл, сүйтгэл хийсэн хариуцлага тооцохдоо гар хүрч зодож шийтгэж болохгүй. Хүүхэд хүчирхийлэл шийтгэлийн айдсаас болж юу ч хийх, шинийг сэдэх хүсэлгүй болдог.
- Унтахын өмнө уншиж өгөх үлгэрүүд аз жаргалгүй төгссөн, хий үзэгдэл, мангас, араатан агуулсан байх нь тохиромжгүй. Хүүхэд унтахдаа үргэлжлүүлэн зүүдэлдэг гэдгийг анхаараарай.
- Хүүхдийн дэргэд болон хэвлийд байх үед нь чанга хашгирах хэрэлдэх, юмс шидэлж хангинуулах зэрэг нь дуу чимээний айдсыг төрүүлдэг.
- Дийлэнх хүүхэд цэцэрлэг, сургуульд элсэн орохдоо уйлдаг. Уйлж байна гэдэг айдсаа илэрхийлж буй хэлбэр. Тиймээ цэцэрлэг, сургуульд элсэн орохоос нь өмнө багш, цэцэрлэг сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах, хичээл эхлэхээс өмнө урьдчилж очиж танилцах, хүүхдийнхээ дэргэд "- Яана аа, ямар багш таарах бол, - Манай энэ яах бол" гэх мэт сөрөг зүйлсийг ярихгүй байх хэрэгтэй.