Манай улс гадны төслөөр агаарын бохирдлыг тогтоодог авто харуулын станцтай болсон. Энэхүү агаарын бохирдол хэмжигч станц нь нийслэлийн хэмжээнд 11 байгаа юм. Тодруулбал агаарын бохирдол ихтэй хэсэгт, томоохон худалдааны төв болон авто машины засвар үйлчилгээтэй хэсэг, бохирдол хамгийн бага хэсэгт байршуулсан байна. Ингэж байршуулсанаар нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг цаг алдалгүй тогтоож байгаа юм.
Хүйтний улиралд тулгамдсан нэг том асуудал болсоор ирсэн хорт утаа энэ жил мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байна. Мөн үүнийг холбогдох байгууллагуудын шинжилгээ, судалгааны дүн баталж байгаа юм. ЦУОШГ-аас галлагаа эхэлсэн энэ өдрүүдийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан судлахад агаарын бохирдол 12 хувиар буурсан тоон үзүүлэлт гарсан байна.
Дашрамд хүхэрийн давхар исэл ихтэй үед гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг байна.