Цаг үеийн мэдээ

Сүрьеэ нь сүрьеэгийн микробактери нянгаар үүсгэгддэг өвчин. Сүрьеэгийн нян нүдэнд үл үзэгдэх жижиг биет бөгөөд уушиг болон биеийн бүх эрхтнийг гэмтээж болно. Уушигны сүрьеэтэй өвчтөн ханиалгахад сүрьеэгийн нян агаарт цацагдан тэр агаараар эрүүл хүн амьсгалахад уушгинд нь ордог.

Халдвар нь хэрхэн тархдаг вэ?

            Уушигны халдвартай сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах найтаахад сүрьеэгийн нян агаарын замаар тархдаг. Халдвар агуулсан агаараар эрүүл хүн амьсгалахад сүрьеэгийн нян уушгинд орж халдварлуулна. Харин тухайн хүний дархлааны байдлаас хамаарч халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүмүүсийн 90% нь насан туршдаа ч  өвдөхгүй байж болно. Харин 10% нь биеийн дархлаа суларсан үед өвчилдөг гэдэг.

Сүрьеэ өвчин илрэх шинж тэмдэг

            Хоёр долоо хоногоос илүү хугацаанд ханиалгана. Мөн ядрах, хоолонд дургүй болох, турах, шөнө хөлрөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс удаан хугацаагаар ханиалгах болон бусад шинж илэрвэл мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Хэн сүрьеэд илүү өртөмтгий болдог вэ?

            Халдвартай сүрьеэтэй өвчтөнтэй удаан хугацаанд хамгийн ойр хамт байсан хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл Халдвартай сүрьеэтэй өвчтөнтэй сүүлийн 3 сарын хугацаанд хамт амьдарч байгаа хүмүүсийг өрхийн хавьтал гэнэ. Мөн сүүлийн 3 сарын хугацаанд анги танхим, ажлын байр, асрамжийн газар, хорих ангид хамт байсан хүмүүсийг ойрын хавьтал гэдэг. Ялангуяа нян ялгаруулж буй хүн эмчилгээ хийлгэхгүй удаан байвал өвчин үүсэх нь илүү их гэж ойлгож болно.

Халдвар авсан өвчилсөн эсэхээ яаж мэдэх вэ?

            Сүрьеэгийн халдвар авсан гэдгийг Мантугийн сорилоор тогтооно. Зүүн гарын бугуйн арьсан дотор туберкулин гэдэг бэлдмэлийг тарьж 48-72 цагийн дараа арьсан дээр үлдсэн гүвдрүүг хэмжиж дүгнэлт хийдэг. Сорилын хэмжээ 5-21мм хэмжээтэй гүвдрүүг эерэг гэж тооцдог. Туберкулины сорилын хариугаар халдвар авсан гэж л тогтоохоос биш өвчилсөн эсэхийг тогтоодоггүй. Сүрьеэг оншлоход өргөн хэрэглэдэг аргын нэг нь цээжний гэрлийн шинжилгээ юм. Уушгинд сүрьеэгийн улмаас гарсан өөрчлөлт гэрлийн шинжилгээгээр сүүдэр болж харагдана. Эмч цааш лавшруулах шинжилгээнд цэрний шинжилгээ хийж мөн эмийн даслын шинжилгээнд илгээж болно.

Эмчилгээ

            Өнөө үед сүрьеэг эмчилж байгаа эмүүд ихэнхдээ шахмал байдлаар бэлтгэгдсэн байдаг. Монгол улсад сүрьеэгийн эмүүдийг өвчтөнд үнэ төлбөргүй олгодог. Өвчтөн 6-8 сар заримдаа түүнээс ч дээш хугацаагаар эмийг өдөр бүр уух шаардлагатай байдаг. Эмчийн зөвлөсөн хугацааны туршид өвчтөн эмээ уух нь тун чухал. Зохих хугацаагаар эмээ уухгүй зогсоовол өвчин дахиж цаашид эмчлэхэд хүндрэлтэй эмэнд тэсвэртэй сүрьеэд шилждэг.

Сүрьеэ эдгэрдэг үү?

            Сүрьеэг цаг алдалгүй оношилж эмч, эмнэлгийн ажилтны хяналтанд эмчилгээгээ бүрэн зөв хийлгэвэл ихэнхи өвчтөн бүрэн эдгэрдэг. Сүрьеэгийн эмчилгээг бүрэн хийлгэхийн тулд  цаг хугацаа хэрэгтэй бөгөөд хувийн сахилга бат өвчинтэйгөө тэмцэхэд зайлшгүй шаардлагатай байдаг.

 

 

 

Таны сурталчилгаа