Умайн хүзүүн хорт хавдраар жилд дунджаар 150 орчим эмэгтэй нас бардаг гэсэн харамсалтай мэдээлэл байдаг. Тэгвэл энэ өвчин хэрхэн үүсдэг, яаж урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн хавдар судлалын их эмч Г.Ням-Одтой ярилцлаа.
Зө.мн: - Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
Г.Н: - Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь умайн хүзүүний дотор ханын эсүүд хэвийн бусаар ихсэхийг хэлнэ. Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 80% орчим нь хавтгай эсийн хорт хавдар байдаг. Булчирхайлаг эсээс үүсэлтэй умайн хүзүүний хорт хавдар цөөн тохиолддог, дээд хэсэгт үүсэж эхэлдэг учраас оношлоход илүү хэцүү байдаг.
Зө.мн: - Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан?
Г.Н: - Умайн хүзүүний хорт хавдрын бараг бүх тохиолдол нь хүний паппилома /HPV/ буюу хүний хөхлөг вирусын халдвараас үүсдэг. Энэ вирус бэлгийн замаар дамжина. Өөрөөр хэлбэл энэ вирусын халдвартай эрэгтэй хүнээс бэлгийн замаар дамжина гэсэн үг юм. Мөн жирэмслэлтээс хамгаалах даавар эмийг удаан хугацаагаар буюу 5 дээш жилээр хэрэглэх. Тамхи удаан хугацаагаар татах, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, дархлаа сулрах, эрт бэлгийн харьцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай байх зэрэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх том шалтгаан болно.
Зө.мн: - Умайн хүзүүний хорт хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Г.Н: Умайн хүзүүний эсийн эхэн үеийн өөрчлөлтийн үед шинж тэмдэг илрэх нь бага байдаг. Хэрэв умайн хүзүүний хорт хавдрын буюу 3-4-р шатанд буюу өвчин даамжирвал дараах шинж тэмдгүүд зонхилон илэрдэг. Үүнд сарын тэмдгийн мөчлөг хооронд цус алдах, сарын тэмдгийн мөчлөгийн үед ердийн үеийнхээс олон хоног, их хэмжээгээр цус гарах, бэлгийн харьцаанд орсоны дараа цус гарах, бэлгийн хавьталд орох үед өвдөх, үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, цэвэршилтийн дараах үед үтрээнээс цус гарах, шалтгаангүйгээр ядрах, хөлөөр хавагнах буюу хөл хөөх, ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Зө.мн: - Умайн хүзүүний хорт хавдрыг хэрхэн оношлох вэ?
Г.Н: - Эрт илрүүлэгт хамрагдах. Умайн хүзүүний эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөрт бэлгийн харилцаанд орж болох 18-70 насны бүх эмэгтэйчүүдэд тогтмол Пап сорил өгөхийг зөвлөдөг. Эмэгтэйчүүдэд Пап сорилыг 18-20 наснаас эхлэн 1-2 жил тутам эсвэл бэлгийн харилцаанд орсоны дараа тогтмол өгч эхлэх шаардлагатай. Мөн умайн хүзүүний хавдрын шинжилгээ заавал өгөх нас гэж бий. 30-60 /30 33 36 39 42 60 насанд / насны хооронд эмэгтэйчүүд 3 жилийн давтамжтай харьяа аймаг, дүүрэг, өрх, сум, сум дундын эмнэлэгт эсийн шинжилгээ өгөх ёстой. Уг шинжилгээний хариу өөрчлөлтэй гарсан бол ХСҮТ-д үргэлжлүүлэн үзүүлнэ. Бидэнд 2018 оны статистик мэдээлэл бий. Тус онд эсийн шинжилгээ өгөх товлолт насны эмэгтэйчүүдээс дөнгөж 37 хувь нь шинжилгээ өгч үлдсэн 63 хувь нь шинжилгээ өгөөгүй үлдсэн. Манай эмэгтэйчүүдийн нэг дутагдалтай тал нь товлолт нас нь болчихоод байхад шинжилгээ өгдөггүй, "үзүүлээрэй" гэж урилга явуулаад байхад ирж үзүүлдэггүй. Ингэж үзүүлэхгүй явсны улмаас 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.
Зө.мн: - Эдгэрэх боломж нь ямар байдаг вэ?
Г.Н: - Умайн хүзүүний хорт хавдар нь 4 үе шаттай явагддаг. 1-2р шатанд нь илрүүлж чадвал мэс заслын болоод бусад аргуудаар энэ өвчнийг бүрэн 100 хувь эмчилж болно. Гэхдээ энэ тохиолдолд эмэгтэй дахин жирэмслэх боломжгүй болдог ч бэлгийн хэвийн харьцаатай байж болдог. Яагаад гэхээр мэс заслаар сав, умай, дайвар эрхтэнүүд, булчирхайтай нь хамт авагддаг, тэгж байж бүрэн эмчилдэг. Хожуу үе шатанд мэс засал хийгдэх боломжгүй бол хими туяа эмчилгээ хийнэ. Бусад эрхтний хавдартай харьцуулахад умайн хүзүүний хавдар тавилан өндөр эмчилгээ авдаг. Өвчтөн мэс засалд орсоны дараа 5 жил эмчийн хяналтад байна. Мөн умайн хүзүүний удамшил харьцангуй бага буюу 5 хувьд л тохиолдоно.