Цаг үеийн мэдээ

“Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Монгол хүний давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Давс багатай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018-2020 он хүртэл 2 үе шаттайгаар ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, МХХ, НЗАА хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, тайлан үр дүнг дүгнэн, харилцан туршлага солилцох  салбар дундын семинар, сургалтыг зохион байгууллаа. Салбар дундын семинар, сургалтад 21 аймаг, нийслэл хотын хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, хоол, хүнс үйлдвэрлэлийн ажилтнууд оролцож, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын талаар хэлэлцлээ.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” I шатны арга хэмжээнд 2018 онд нийслэл хотод үйл хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулан зохион байгуулсан бол 2019 онд улсын хэмжээнд зохион байгуулж, 260-аад байгууллага оролцон, үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 60% хүртэл бууруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд болон өөрсдийн ажилтнуудад сургалт явуулан, сурталчилгааг зохион байгуулсан байна. Өнгөрсөн жил давс багатай хоол үйлдвэрлэгчээр Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газар, давс багатай махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Мах маркет ХХК, “Давс багатай бүтээгдэхүүн арга хэмжээг хэрэгжүүлэгч шилдгийн шилдэг” байгууллагаар СХД-ийн 112 дугаар цэцэрлэг шалгарч байсан юм.

2019 онд 21 аймаг, нийслэл хотын хэмжээнд 260-аад аж ахуйн нэгж, байгууллага 2-р шатны арга хэмжээнд оролцсоноос дараах байгууллагууд манлайлан ажилласан байна.

1.“Давс багатай хоол үйлдвэрлэгч”-ээр Увс аймгийн 4-р цэцэрлэг, УБТЗ-ын Найрамдал цэцэрлэг;

2.“Давс багатай гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Булган аймгийн Саруул нарийн боовны цех;

3.“Шилдгийн шилдэг Гран при” шагналаар Орхон аймгийн  бүсийн оношилгоо, эмчилгээний төв;

4.“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг дэмжигч байгууллагаар Орхон аймгийн ЗДТГ шалгарч, батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 Давсны хэрэглээг 5 гр хүртэл бууруулснаар тархинд цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, жилдээ Номхон Далайн Баруун Бүсийн хэмжээнд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг цаг бус нас баралтаас сэргийлнэ гэж ДЭМБ тооцож байна. ДЭМБ-ын шинжээчдийн багаас 2016-2017 онд Монгол улсад хийсэн “Халдварт бус өвчний хөрөнгө оруулалтын жишээ“ үнэлгээгээр Монгол улсын хувьд халдварт бус өвчин, түүнээс үүдэлтэй цаг бус нас баралтаас сэргийлэх хамгийн өртөг багатай, үр дүнтэй арга хэмжээ бол давсны хэрэглээг бууруулах интервенц гэж тодорхойлсон. Давсны арга хэмжээнд зарцуулж буй 1 төгрөг 16 төгрөг болж өсөх ба давсны хэрэглээг бууруулах интервенцийг эрчимтэй, үр дүнтэй  хэрэгжүүлбэл ирэх 15 жилд Монгол улсад 81 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын үр ашиг авчирна гэж тооцжээ. 

 

Таны сурталчилгаа