“Дэлхийн мисс-2019”-д Монгол Улсаа төлөөлж Мандахын Цэвэлмаа оролцох эрхээ аваад байна. М.Цэвэлмаа АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн ба өдгөө сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцдаг аж. Тэрбээр хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд “Эрүүл Монгол-Эрүүл дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нэг хүнийг оруулах хандивын аян өрнүүлэн хагалгааны дараах бүхий л зардлыг төлсөн байна. Мөн тэрээр элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 460 гаруй хүнийг вакцинд хамруулжээ.
Гоо сайхны хамгийн том наадам гэгдэх “Дэлхийн мисс”-ийн 69 дэх удаагийн тэмцээнд М.Цэвэлмаа маань дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй энэ арваннэгдүгээр сарын 20-ноос ирэх сарын 14-нийг хүртэл авьяас чадвараа сорих юм.