1857 онд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй эн тэнцүү хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагсчээ. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг цалингүй шахам ажиллаж байхад, эрчүүд 10 цагаар ажилладаг байв.
Үүнээс хойш хагас зуун жилийн дараа 1910 онд Копенхагенд болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин гэгч эмэгтэй Дэлхийн бүх эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлынхаа төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан, хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалсан байна.
1917 онд Оросын эмэгтэйчүүд хоёрдугаар сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсчээ. Үүнээс дөрөв хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав.
Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23-ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор гуравдугаар сарын 8 байлаа. Ийнхүү март 8 буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бий болсон түүхтэй.